СОНГОДОГТ ХҮРЭХ ГҮҮР

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2021-03-05 19:34:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/.

 Сэтгүүлчийн хүүрнэл:


“Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакц нь хүүхдийг хөгжүүлэх, сонирхолыг нь татах, нас сэтгэхүйд тохирсон олон номуудыг эрхлэн гаргахаас гадна сонгодог зохиолуудыг насны онцлогт нь зориулан “Хүүхдэд зориулав” гэсэн дэд гарчигтайгаар уншигчдад хүргэсээр байна. Өдгөө тус редакцийн “Эртний уран зохиол” төсөл хэрэгжиж эхэлснээс хойш “Монголын нууц товчоон”, “1001 шөнийн үлгэр”, “Гэсэр” зэрэг номууд уншигчдийн хүртээл болжээ.  Бид өнөөдөр нэг номыг тахин шүтэж хоймортоо залах биш үргэлж хэрэглэж, уншиж судлах нь зүй ёсны асуудал. Тиймээс л сонгодог бүтээлийг хялбаршуулсан хувилбарт оруулсан хэдий ч уг номын зохиогчид утга агуулгыг нь огтхон ч өөрчилж, орхигдуулсангүй. Хүүхдэд зориулсан үлгэр нь амьдралын бодит хуулбар биш ямар нэг байдлаар дээгүүр түвшинд бичигдсэн байдаг. Түүн дотор хүн байхуйн бодит үнэнг ямар нэг хэмжээгээр тааруулан урлах нь элбэг.


Ийнхүү “Жангар” редакцийн редактор, “1001 шөнийн үлгэр”, “Гэсэр” зэрэг хүүхдэд зориулж шинэчлэсэн номуудын зохиогч Б.Чанагнянгартай хийсэн ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.


-Жангар редакцийн хамт олон “Эртний уран зохиол” төслийг хэрэгжүүлээд дөрөв дэхь жил рүүгээ орж байна. Хамгийн эхэнд “Монголын нууц товчоон” гэх түүхэн уран зохиолыг хүүхдэд зориулж эрхлэн хэвлүүлсэн. Харин хамгийн сүүлд “Гэсэр” туулийг уншигчдад хүргээд удаагүй байгаа. Шинэхэн номын талаар яриагаа эхлэх үү дээ?


-“Эртний уран зохиол” төслийн хүрээнд “Монголын нууц товчоо” буюу түүхэн уран зохиол, эртний үлэгрийн цоморлог буюу “1001 шөнийн үлгэр” зэрэг номууд гарсан. Харин шинэ он гараад удаагүй байхад “Гэсэр“ туулийг хүүхдэд зориулан хялбаршуулж, шинэчлэн зохиож найруулсан хувилбараар уншигчдад хүргэсэн байгаа. Мэдээж орчин үеийн хүүхдийн сэтгэхүй, насны онцлогт зориулсан баялаг уран зургуудтай. Тиймдээ ч дан ганц зохиолоос гадна зурагт ном гэдэг агуулгаараа баялаг гэж хэлж болох юм. зориулж, шинээр найруулан, хялбаршуулсан байдлаар бүтээсэн юм.


-Эртний уран зохиолыг хүүхдэд зориулж гаргах нь ямар ач холбогдол, давуу талтай вэ?


-Өнөөдөр нийгэм цаг үеэ дагаад ч тэр юм уу орчин үеийн хүүхдүүд, эртний уламжлалт сонгодог зохиолуудаас ихээхэн хөндийрөх болсон. Ийм нөхцөлд хүүхдүүд тэр бүрчлэн сонирхоод байхгүй, үйл явдал нь эртний цаг үед өрнөдөг бүтээлийг яаж хадгалж авч үлдэж, хойч үедээ өвлүүлэх вэ гэдэг асуулт гарч ирсэн хэрэг л дээ. Гол нь тэнд монголчуудын оюун сэтгэлгээний цар хүрээ, өв уламжлалын асар олон зүйлс хадгалагдаж үлдсэн байдаг. Тиймээс эдгээр зохиолуудыг хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон хэл найруулгатай болгож, шинэчлэсэн хувилбараар гаргах зайлшгүй шаардлага тулгарсан. Нөгөөтэйгүүр жишээ нь “Гэсэр” туулийг өсвөр насандаа уншсан хүүхэд том болоод сонгомол эхээр нь олж унших хүсэлтэй болно. Тэр утгаар нэг ёсондоо хойшид сонгомол эхээр нь унших гүүр болж өгч байгаа хэрэг л дээ.


-ХҮМҮҮС ӨВ СОЁЛОО ХАДГАЛЖ ҮЛДЭХИЙГ ЧУХАЛЧИЛДАГ Ч ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ОЙЛГОЛТГҮЙ БАЙДАГ-




-Мэдээж барууны орнууд бүх үлгэр домог, эртний томоохон туульсийн бүтээлүүдээ хялбаршуулсан хувилбарт оруулж, олон янзаар хүргэсэн байдаг шүү дээ?


-Монголчууд бид одоо л хийж байгаагаас бус гадны орнууд аль дээрээс л хийгээд эхэлчихсэн. Гэхдээ яриад сууж байснаас хэн нэгэн салхи хагалах ёстой. Жишээ нь “Одиссэй” юм уу “Биовүлф”-ээр хийсэн зурагт номууд төчнөөн байдаг. Хүүхдүүд номыг нь уншиж, зургийг нь ажиглаж байж илүү нарийн танилцдаг. Түүнээс бол хүүхэлдэйн кино юм уу, дүрс бичлэгүүд бол нүдний өмнүүр нь гүйгээд л өнгөрчихдөг. Тийм болохоор тогтож нарийн ажиглаж чаддаггүй.


-Басхүү өв соёл, эртний сонгодог бүтээлүүдээ хадгалж авч үлдэх нэг арга нь энэ байх, тийм үү?


-Тийм. Манайхан ёс уламжлал, өв соёлоо хадгалж үлдэх талаар цаг ямагт ярьдаг. Гэвч хөгжүүлэх тал дээр ямарч ойлголтгүй байдаг. Бидний хийж байгаа энэхүү  төсөл өв уламжлалаа хадгалж үлдэхээс гадна нөгөө талаар хөгжүүлж байгаа хэрэг. Материаллаг эд зүйлс болон биет өвийн тухайд бол өөр зүйл яригдаж магадгүй. Ямартаа ч хөгжүүлэхгүйгээр хадгалж үлдэх боломж байхгүй. Яг байгаа чигээр нь номыг хадгалах юм бол мартагдах нь дамжиггүй. Хүн уншихгүй байвал ном хэрэгцээгүй болно гэсэн үг.


-Мэдээж хүүхдэд зориулж шинэчлэсэн хувилбар байхгүй бол хүүхдүүд уншиж чадахгүй. Тиймээс л хуучны сонгодог зохиолуудыг хэрэгцээнд нэвтрүүлэх нь зөв алхам гэж үзсэн хэрэг үү?


-Манай хүүхэд ном уншихгүй байна, яаж номонд дуртай болгох вэ гэсэн “бэлэн жор”-ыг эцэг эхчүүд нэхдэг. Басхүү шаардлага хангахгүй номууд ихээр авч өгддөг. Хүүхдийн сэтгэхүй, номын агуулгыг ойлгох нас зэрэг асуудлууд гарч ирдэг. Тиймээс бид өөрсдөө хүүхдэд зориулсан шаардлагатай зүйлсийг нь бүтээж өгөөгүй байж “Монголын нууц товчоон”, “Гэсэр”, “Жангар”-аа уншихгүй байна гэж зэмлэх нь жинхэнэ төөрөгдөл.


-“Гэсэр”-ийг шинэчлэн бүтээхэд судлагдахуунаас авахуулаад ихээхэн цаг шаардагдсан болов уу?


-“Гэсэр”-ийг хүүхдэд зориулж бүтээх ажил эхэлснээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Хоёр жилийн дараа ийнхүү уншигчдад хүрч байна. Номын зохиолын ажил дээр тууль судлаач, докторант Б.Нанжид ахтай хамтарч ажилласан.


-“Заяын Гэсэр”, Буриад Гэсэр, Хөхнуурын, Шинжааны гэсэр гээд олон янз бий. Яг аль эхэд нь тулгуурлаж бүтээсэн бэ?


-Ерөнхийдөө бол Монголчууд бид “Гэсэр”-ийг бичмэл эхээр нь мэддэг. Яг хайлж, аялгуулан дуулсан хэлбэрээр өвлөгдөж ирээгүй. Бичмэл эх нь 17 дугаар зуунд Архангай аймгаас олдсон “Заяын гэсэр”, “Номч хатны гэсэр” зэрэг юм. Эдгээрийг эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гуай нэгтгэж “Лин гэсэр” хэмээн ботилсон сонгомол эхэд тулгуурлаж ажилласан. Мөнхүү зарим ойлгоход бэрх, дутуу хэсгүүдийг Хөх нуурын болон Буриад гэсэрээс нөхөж оруулсан байгаа.


-МОНГОЛЧУУД ШАШИНААС ИД ШИД Л ХҮСДЭГ-




-Халх ардын туульсаас өгсүүлээд манайд тууль ихээхэн дэлгэрсэн байдаг. Тэр бүх туулиудаас үг хэллэгийг нь авч ашиглах тохиолдол гарсан уу?


-“Гэсэр” нь бидний цаг үед үргэлжилсэн үгийн хэлбэрээр өвлөгдөж ирсэн тухай дээр хэлсэн шүү дээ. Тиймдээ ч нийтлэг туулийн үг хэллэг, дүр дүрслэл, бэлгэдлийн үйлтэй холбоотой үгсийн найруулгыг нарийн судлах шаардлагатай болсон. Тэр утгаар туульд гарах хатдын гоо сайхныг магтахдаа “Наашаа харахад нь наад голын загас жараахай тоологдом, Цаашаа харахад нь цаад голын загас жараахай тоологдом. Туурга нэвт туяатай” зэрэг туулийн уран сайхны үг хэллэгийг шингээж өгөхийг зорьсон.


-“Гэсэр”-ийн хамгийн том агуулга нь шашин байдаг. Үүнийг хэрхэн шинэчлэн найруулсан бэ?


-Цаг үе сайн сайхан, хэрүүл маргаан, элдэв тэмцэлгүй үед Гэсэр гарч ирээгүй. Харин үүний эсрэгээр бүх зүйл өрнөж асан цагт орчлон хорвоог түвшитгэх Гэсэр мэргэн хаан төрдөг. Нөгөөтэйгүүр монголчууд шашнаас зөвхөн ид шид л хүсдэг шүү дээ. Бурханд залбирч, лам дээр очоод ном уншуулчихвал бүх ажил үйлс нь бүтэж, алдар нэр ирэх юм шиг санадаг. Гэтэл шашин гэдэг маань өөрөө маш том үнэт зүйлтэй. Тэдгээрийг нь илүү тод томруун гаргаж дүрслэхийг зорьсон. Харин сонгомол бүрэн эх дээр гардаг шашны зан үйлтэй холбогдох зарим хурц үйл явдлуудыг нь хассан байгаа.


-“Гэсэр” тууль одоо ч бүлгүүд нь шинэчлэгдэж, нэмж зохиогдсоор байдаг уу?


-Тэгж үздэг юм билээ. Учир нь Төвд оронд гэхэд л бичгийн хэлэнд буусан нь их цөөхөн. Тиймээс тууль хайлах буюу аман хувилбараар өвлөгддөг учир шинээр зохиогдож байдаг. Энэ утгаараа хөгжил нь зогсонги байдалд орохгүй гэсэн үг. Харин бичмэл хэлэнд бол тухайн туульчийн аялгуулан цээжилсэн хэлбэрээр буугаад үлдчихдэг.




-Туульсаас уран зохиолын ямар элементүүдийг илүүтэй танин мэдэж болох вэ?


-Мэдээж шашинлаг зохиол ч гэсэн муу талын мангас, хорон санаатнууд ч гарна. Ямарваа нэгэн муу зүйл бий болоход баатар хэрэгтэй болдог. Ер нь эртний туульсийн ихэнх нь баатарлаг шинжтэй байдаг шүү дээ. Тэр утгаар туульсийн үйл явдал, дүрслэл болгонд уран зохиолын элементүүд их багаар туссан байгаа. Мэдээж хүүрнэл хэлбэрийнх учир шүлэглэсэн байдлаар шинэчлэн найруулах боломжгүй.


-Уншихад хүндрэлтэй, өдгөө ч орчлон дэлхий дээр байдаггүй амьтдын талаарх дүр, нийтийн хэрэглээнээс гарчихсан үг хэллэг дээр ажиллах зэрэг олон асуудал тулгарсан нь мэдээж. Гэтэл ихэнх хүмүүс хүүхдүүд зориулж хураангуйлна гэхээр их амархан ажил шиг боддог. Үүнд ямар хариулт өгөх вэ?


-Заримдаа долоо хоног юу ч хийж чадалгүй, дэмий л хоосон цаас ширтэж өнгөрөөх нь ч байсан. Туулийн үйл явдлыг алдагдуулалгүй, ерөнхий агуулгыг нь хүүхдэд ойлгомжтой, нас сэтгэхүйд нь тохируулж буулгана гэдэг амар ажил биш. Учир нь би өөрөө энэ бүхнийг туулсан учраас итгэлтэй хэлж байгаа юм. Бид шинэчлэн найруулж, хүүхэд унших боломжтой дахин нэг “Гэсэр”-ийг бүтээснээс бус зүгээр нэг хураангуйлаад буулгачихаагүй гэдгийг номоо уншсан уншигчид мэдэх биз ээ. Гол нь хүүхдийг уйдаахгүйгээс гадна сургамжит үзэл санаануудыг ч бас дотор нь шигтгэж өгсөн.


-Мэдээж “Гэсэр” туулийг уншиж, судласан хүний хувьд энэхүү зохиолын үнэт зүйл, гол агуулгын талаар ярихгүй юу?  


-Зарим судлаачдын үзэж буйгаар “Гэсэр”-ийг 10 дугаар зууны өмнөх зохиол гэж үздэг. Мөнхүү Төвд гэсэрийг анх зохиогдсон эхээс нь хойш дуустал хайлвал дэлхийн хамгийн урт тууль болно гэж дүгнэсэн байдаг юм билээ. Монголчуудад уламжлагдаж ирсэн “Гэсэр” бол хүнийг зөв сайн зүйл рүү тэмүүлэх хүслийг өдөөсөн, сургамжилсан шинж чанартай тууль. Жишээлбэл хүүхдэд эх оронч үзлийн тухай хэлж ярилаа ч сайн ойлгохгүй. Харин үүнийг номоор дамжуулж, зургаар илэрхийлж үзүүлвэл хүүхдүүд илүү ойлгомжтой байдаг болов уу. Тууль судлаачдын хэлж байгаагаар өв соёл, зан заншил, эх оронч үзэл, түүх зэрэг үнэт зүйлсийг туульсаас цогцоор нь хүртэж болдог онцлогтой. Ер нь “Гэсэр” бол Төв Азийн олон ард түмний дунд өргөн дэлгэрсэн байдаг л даа. “Монголын нууц товчоон”, “Жангар”, “Гэсэр” зэрэг нь монголчуудын эртний уран зохиолын гурван оргил гэгддэг. Манай төслийн хүрээнд хоёрыг нь шинэчлэн найруулж ийнхүү уншигчдадаа хүргээд байна.


-БИД СОНГОМОЛ НОМ ЗОХИОЛЫГ ОГТХОН Ч ЭВДЭЭГҮЙ-




-“Гэсэр”-ээс өмнө “1001 шөнийн үлгэр”-ийн зохиогчоор мөн ажилласан шүү дээ. Монгол туульс болон гадаадын үлгэрийн цоморлигийн хоорондын ялгаа ямар байсан бэ?


-“1001 шөнийн үлгэр”-тэй нэлээдгүй эртнээс танилцчихсан, хэдэн удаа уншчихсан байлаа. Тиймдээ ч “Гэсэр”-ийг шинэчлэн зохиохоос илүүтэй хялбар байсан хэмээн хэлж болно. Мөнхүү гадаадад хүүхдэд зориулсан олон ч хувилбар бий. Гол нь судалгааны эргэлтэнд орчихсон учраас илүү амар санагдсан. Харин монголын эртний уран зохиолыг өмнө нь хялбаршуулж, шинэчлэн найруулсан нь үгүй.


Би “1001 шөнийн үлгэр”-ийн зохиолын ажил дээр нэг жилийн хугацааг зарцуулсан. Тус бүтээл нь Исламын шашинтнуудын “Алтан үе” хэмээн нэрлэгдэх 1700 оны үед араб хэл дээр хэвлэгдсэн Дундад Азийн ардын шидэт үлгэрийн ном л доо. Анх англи хэлээр хэвлэгдсэн хувилбар нь “Арабын шөнүүд” нэртэй байсан. Тус хэвлэлийг үзэж нэлээдгүй судалгаа хийсний үр дунд номын ажил руугаа орсон. Мэдээж энэ ном монгол руу орчуулагдсанаас гадна “Аладдин ба шиндэт дэнлүү”, “Али Баба ба 40 дээрэмчин” зэрэг үлгэрээс сэдэвлэсэн кинонуудыг нь хүүхдүүд сайн мэднэ. Гэтэл бичгийн хэлээр дахин хүүхдийн оюун сэтгэлгээнд зориулж шинэчлэхэд мөн л ахин дахин судалгаа хийхийг шаарддаг юм билээ.


-Монголд орчуулагдаж байсан үлгэрүүдийг түлхүү авч оруулсан уу?


-Тийм. Үүнээс гадна өмнө орчуулагдаж байгаагүй “Худалдаачин бадарчин хоёр”-ын үлгэрийг шинээр нэмж оруулсан байгаа.  


-Хүмүүс сонгодог зохиолыг эвдэж хамаагүй өөрсдийнхөөрөө товчлон бичлээ гэх шүүмжлэл ирдэг гэж сонссон. Уг шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ?


-Өдгөө хүн төрөлхтний хамгийн сайн мэдэх Ах дүү Гриммын үлгэрүүдийг хэд хэдэн удаа дахин шинэчлэсэн байдаг. “Уолт Дисней” компани хүүхэлдэйн кино болгохдоо үлгэрийн төгсгөлийг аз жаргалтай болгож өөрчилсөн олон ч баримтууд бий. Гол нь тухайн уран бүтээл үргэлж шинэчлэгдэж, боловсруулагдаж байх ёстой. Тэгж гэмээнэ хойшид өвлөгдөж, үнэ цэн нь өсдөг. Түүнээс бус хэний ч гар хүргэлгүйгээр бурхан дээрээ залаад хадгалчихдаг юм биш. Тэнд тоосонд дарагдаад хэвтэх зүйлийг үнэт өв гэдэггүй. Эртний сонгодог уран зохиолуудыг яг тэр шинж чанараараар нь өдгөө техникийн эрин зуунд хөл тавьсан, иргэншсэн нийгмийн хүүхдүүд хүлээж авч чадах уу? Үгүй шүү дээ. Тиймээс л дахин боловсруулж, орчин үеийн хүүхдүүдэд ойлгомжтой байдлаар хүргэж байгаа юм. Судлаачид, оюутнууд танилцахыг хүсвэл зохиолын сонгомол эх нь байж л байгаа шүү дээ. Харин хүүхдүүдэд унших юм алга.


                                                                                            *           *           *



Сэтгүүлчийн хүүрнэл:


Хүүхдэд зориулсан ном хийхэд мэдээж зураг маш чухал үүрэгтэй. Номын үйл явдалд оролцож буй дүрүүдийг хүүхэд зургийн нөлөөгөөр таньж дотроо төсөөлөн боддог. Тэгэхээр зүгээр л нэг бийрээ атгах биш эхлээд бичвэрийг уншсан хойно “Хүүхэд хэрхэн төсөөлөх бол” гэдгийг тунгааж үзэх хэрэгтэй болов уу гэж санагддаг.


"1001 шөнийн үлгэр" бүтээлийн зургийг "Жангар" редакцийн хүүхдийн номын зураач Э.Базаррагчаа урлажээ. Харин “Гэсэр” номын зургийг зураач Э.Гантулга бүтээсэн байна. Хүүхэд их сониуч. Томчуул зарим зүйлсийг “хэрэгцээгүй” гэж боддог бол хүүхдэд бүр өчүүхэн жижиг зүйлс ч сонирхолтой байдаг байна. Тэд гашуун эмнээс илүү чихэрт дуртай байдаг шигээ бичвэрээр илүүтэйгээр номын зурагт татагдах нь мэдээж хэрэг. Гэхдээ хүүхдийн номын зурагт тухайн зүйлсийг байгаагаар нь биш өөрт төрсөн сэтгэгдэл, мэдрэмжийн дагуу л буулгах хэрэгтэй. Impression буюу сэтгэгдэл гэх үгнээс гаралтай уран зургийн төрөл үүнд илүү чухал үүрэг гүйцэтгэнэ.


Ийнхүү ярилцлагынхаа төгсгөлд зураач, зохиогч хоёрын хамтрал, зохиогчийн зураачид хэрхэн нөлөөлсөн талаар цөөн хэдэн асуулт тависнаа хуваалъя.


-Хүүхдийн номын зураг, бичвэр хоёр уусан нэгдэж байж бүтээл болдог. Зургийн хоосон агаарын орон зай ч бичвэрийн хувьд чухал. “Гэсэр” номын зургуудын талаарх сэтгэгдэл болон зураачтайгаа хэрхэн ярилцаж ажилласан бэ?


-“Гэсэр” дээр хүүхдийн номын зураач Б.Гантулга ажилласан. Зарим нэг шинэ санаануудыг туршиж, судлаж, хоорондоо ч мөн санал сэтгэгдлээ солилцож байлаа. Мэдээж зураач маань хүүхдийн номын талаар мэргэшсэн хүн. Тиймдээ ч зохиолын баатруудын хувцас хэрэглэл, газар орны дүрслэл, өнгөний сонголт зэрэг дээр олон удаа ярилцсан. Өөрөө ч зохиолоо сайн уншиж, нарийн судалгаа хийсэн дээ.





-Чухам ямархуу судалгаанд тулгуурлагдсан юм бол?


-Эхлээд “Гэсэр” туульсийн зургуудыг зурж үзээд хүүхэддээ үзүүлтэл нэг их сонирхоогүй гэсэн. Тиймээс ажлаа шинээр эхлэх шаардлагатай болж л дээ. Дахин зураад үзүүлтэл хүүхдэд нь ихэд сониучирхаж байсан гэдэг. Ер нь манай хүүхдийн номын зураачид бүгд л аав болсон хүмүүс учраас хүүхэдтэй тулж ажилладаг. Энэ нь ч үр дүнгээ сайн өгч чаддаг.


-Зохиолын үйл явдал өрнөж буй газар нутаг, тухайн ард түмний соёлыг өнгөний хэлээр илэрхийлсэн мэт мэдрэмж төрсөн шүү?


-Эдгээр номыг ерөнхийд нь 10-аас дээш насны хүүхдүүдэд зориулж бүтээсэн. Гэвч ном уншихыг хүссэн хүүхэд бүр үзэж болно. Нөгөөтэйгүүр зургууд нь төсөөлөн бодох чадварыг өдөөхөөс гадна аливаа улс үндэстний соёлыг ойлгоход тус болно. Гэсэрийн үйл хэрэг Хятад оронд өрнөлөө гэж бодоё. Тэгвэл тухайн улсын хүмүүс, газар нутгийн дэвсгэр өнгө нь улаан, шар байх жишээтэй. Мөн өнгөлөг, хүүхдийн анхаарлыг татахуйц тод байдлаар дүрслэгдсэн зургууд “1001 шөнийн үлгэр”-т ч бий. Хүүхэд аливаа юмыг дүрслэн үзүүлэхэд илүү сайн ойлгож, үйлдлийг давтан дуурайдаг учир тэдэнд зориулсан номын зураг маш чухал.


*           *           *


“Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакц нь хүүхдийн номын чиглэлээр дагнан ажиллаж, хүүхдийг хөгжүүлэх, сонирхлыг нь татах, нас сэтгэхүйд тохирсон олон олон номуудыг эрхлэн гаргасаар байна. Мэдээж манай ард түмэн аман зохиол, ардын үлгэрийн арвин баялаг сантай ард түмэн. Ер нь яагаад бид ардын үлгэрүүдээс илүүтэйгээр Робин Гүүд, Бяцхан хунтайж, гуталт муурын үлгэрүүдэд тааламжтай ханддаг байв. Мэдээж тэд бол аливаа муугийн эсрэг тулалддаг баатрууд. Гэтэл монгол ардын зарим нэг үлгэр сургамж илүү их байдаг нь сургуулийн насны уншигчдад тохирохоос бус хүүхдийг багаас нь ном уран зохиолд шимтэх боломжийг хазаарлаж өгдөг нэг гэм бийг санах учиртай.Тиймээс л хүүхдэд зориулж, шинэчлэн найруулах нь тэднийг номонд дурлуулах, хожим сонгодог бүрэн эхтэй нь танилцах шинэ гүүр болж өгөх билээ.

Гэрэл зургийг | Э.Мишээл

Холбоотой мэдээ