Халдвартай иргэдийг зөөвөрлөлгүйгээр суманд нь эмчлэхээр болжээ

Орон нутагт | Завхан
emunkherdene@gmail.com
2021-03-05 23:56:24

Завхан/МОНЦАМЭ/. Шилүүстэй сум дахь коронавирусний халдвартай хоёр иргэн болон ойрын хавьтлын иргэдийг суманд нь эмчлэхээр боллоо гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-Өчигдөр аймгийн Шуурхай штаб болон Шилүүстэй суманд ажиллаж буй мэргэжлийн байгууллагын баг онлайнаар хуралдаж, Шилүүстэй суманд илэрсэн коронавирусний халдвартай хоёр иргэнийг ХӨСҮТ рүү, ойрын хавьтлын зургаан иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт зөөвөрлөн эмчлэхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл хэд хэдэн шалтгааны улмаас өнөөдөр мэргэжлийн байгууллагуудын баг дахин хуралдаж, коронавирусний халдвартай хоёр иргэн болон ойрын хавьтлын иргэдийг зөөвөрлөлгүйгээр суманд нь эмчлэхээр шийдвэрлэлээ.

Учир нь одоогоор халдвартай иргэдэд эмнэл зүйн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, биeийн байдал хэвийн байна. Мөн хавдрын хагалгаанд орсон нэгдүгээр хавьтлын иргэн буюу халдвартай хоёр иргэний гэр бүлийн гишүүний биeийн байдал нь хүнд. Хол замд тээвэрлэх явцад эрсдэл үүсэх магадлал өндөр. Түүнчлэн ар гэрийн гачигдал, иргэдийн хүсэлт зэргийг үндэслэн халдвартай иргэд болон ойрын хавьтлын иргэдийг Шилүүстэй суманд нь эмчлэхээр шийдвэрлэлээ. Эмчилгээг ХӨСҮТ-ийн эмч нарын баг, аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран хийнэ” гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ