“Монос трейд” АстраЗенека, “Монгол эм импекс концерн” “Спутник-V” вакцин импортлох хүсэлт гаргажээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-03-05 23:59:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан үндэсний эм ханган нийлүүлэгч  “Монос трейд”, “Монгол эм импекс концерн”, “Ач үр” аж ахуйн нэгжийн төлөөлөгчтэй өнөөдөр уулзав.


“КОВИД-19” цар тахлын эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байгааг  Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан уулзалтын эхэнд онцоллоо. Энэ хүрээнд вакцины татан авалтыг хурдасгахад Засгийн газар дэмжинэ гэдгийг тодотгосон юм. 


Эм ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд вакцин оруулж ирэхэд хадгалалт, нөөцлөлт хийх бүрэн бололцоотой гэв. “Монос трейд” компани АстраЗенека вакцин, “Монгол эм импекс концерн” компани “Спутник-V”вакциныг оруулж ирэх хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд өгсөн байна. Гэвч цар тахлын улмаас шууд нислэг зогссон тул вакцин тээвэрлэх зардал нэмэгдсэн нь хүндрэл учруулж байгаа аж. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар бодлогоор дэмжихийг хүслээ. Мөн иргэдийг аюулгүй байдал, эрүүл мэндийг сахин хамгаалахад төр засгийн гаргасан бодлого шийдвэрийг дагаж,  хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байв.


Вакцин импортлох аж ахуйн нэгжүүд Засгийн газрын бодлогын хүрээнд эрсдэлийг тооцсон судалгаанд үндэслэж вакцины татан авалтыг хийх юм.

Холбоотой мэдээ