Канад “Johnson & Johnson” вакциныг бүртгэжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-03-06 10:28:22

ОТТАВА. /CBC/. Канадын Засгийн газар “Johnson & Johnson” компанийн бүтээсэн коронавирусний вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ.


Энэ тухай Канадын Эрүүл мэндийн газрын шинжлэх ухааны зөвлөх Суприя Шарма Оттавад болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ “Эрүүл мэндийн газар коронавирусний бүх вакцины нэгэн адил “Jansen” вакцины аюулгүй байдал, үр нөлөө, чанарын талаар нарийн судалгаа хийсний дараа хэрэглэхийг зөвшөөрсөн” гэж тэрбээр хэлсэн байна. 


Түүний хэлснээр Засгийн газар уг вакциныг 18-аас дээш насны хүмүүст тарихыг зөвшөөрчээ.


Канад энэхүү вакцинаас 10 сая тунг захиалсан бөгөөд дахин 18 сая тунг худалдаж авах гэрээ байгуулжээ. Вакцинуудыг “Johnson & Johnson” компанийн Европ, АНУ дахь үйлдвэрүүдээс нийлүүлнэ.


44 мянган хүн оролцсон туршилтаар “Johnson & Johnson”-ы вакцин 66 хувийн үр дүн үзүүлсэн бол “Pfizer”, “Moderna” компаниудын вакцины энэ үзүүлэлт 95 орчим хувьтай байгаа юм. Бусад вакцинаас ялгаатай нь уг  вакцин нэг тунтайгаас гадна ердийн хөргөгчид хадгалж болох тул тээвэрлэх, түгээхэд хялбар байна.


Холбоотой мэдээ