Венесуэл нэг сая боливарын мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулна

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2021-03-06 11:02:27

КАРАКАС. /TASS/. Эдийн засгийн гүн хямралтай байгаа Венесуэл улсын Төв банк шинэ мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргаж байгаагаа мэдэгджээ.


“200 мянга, 500 мянга, 1 сая боливарын мөнгөн дэвсгэртийг 2021 оны гуравдугаар сарын 8-наас гүйлгээнд аажмаар оруулна” гэж Венесуэлийн Төв банк мэдэгдсэн байна. Шинэ мөнгөн дэвсгэртүүд "үндэсний эдийн засгийн хэрэгцээг хангана" гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.


2018 оны наймдугаар сард Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро тус улсын үндэсний валютаас таван ширхэг тэгийг хасах шийдвэр гаргаж байв. Хэт инфляцийн улмаас бэлэн мөнгөний хомсдол үүссэнтэй холбоотойгоор ийм арга хэмжээ авчээ. Үүнээс жил хүрэхгүй хугацааны дараа тус улс 10 мянга, 20 мянга, 50 мянгатын дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргасан байна. 


Венесуэл улс сүүлийн жилүүдэд хэт инфляци, үндэсний валютын ханшийн уналт, үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, эм тарианы хомсдол дагуулсан нийгэм-эдийн засгийн хүнд хямралыг туулж байгаа юм. НҮБ-аас мэдээлснээр, 4.5 сая орчим хүн тус улсаас гарсан бөгөөд тэдний 80 орчим хувь нь бүс нутгийн улсууд рүү дүрвэжээ.


Холбоотой мэдээ