Шинэ нисэх буудлыг хил нээсний дараа ашиглалтад оруулна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-06 12:23:32
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын шинэ нисэх буудлын ажилтай өнөөдөр танилцлаа. 


Монгол Улс тавдугаар сарын 1-нээс хилээ нээх зорилт тавин бэлгэлээ хангаж байгаа бөгөөд хилээ нээснээс хоёр сарын дараа шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахаар Японы талтай гэрээ байгуулаад байна. Ингэхдээ, зөвхөн вакцинд хамрагдсан иргэн Монгол Улсад ирэх юм. Шинэ нисэх буудлыг нээх ажил 85 хувь хангагдсан бөгөөд бүрэн дуусгахыг холбогдох хүмүүст даалгасан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгов.


Энэ үеэр Монгол Улсын агаарын тээврийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцуулав. Монгол Улсын агаарын тээвэр 2019 онд 1.6 сая зорчигч тээвэрлэсэн бол 2020 онд 440 мянган зорчигч тээвэрлэжээ. Түүний дийлэнх нь орон нутгийн буюу уул уурхайн ажилчид байв.


"КОВИД-19" цар тахлын өмнө агаарын тээврийн орлого 328 тэрбум ам.доллар байсан бол одоо 140 тэрбум төгрөг болж буурчээ.


Чингис хаан олон улсын нисэх буудлыг шинэ буудал руу нүүлгэн шилжүүлэхэд 24 цаг хангалттай, үүнд нислэгийн хуваарьт ямар нэгэн өөрчлөлт гарахгүй бөгөөд 60.9 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгаа гарчээ. Энэ судалгааг төсөл болгон Засгийн газарт өргөн барихад бэлэн болсон талаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцуулав. 


Тавдугаар сарын 1 гэхэд хилээ нээх бэлтгэлийн хүрээнд агаарын тээврээр зорчих журмыг тодорхой болгох, тухайлбал, ямар вакцин тариулсан хүнийг, яаж нэвтрүүлэх тухай асуудлыг тусган журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж буйг онцоллоо. Олон улсын агаарын тээврийн байгууллагын гаргасан судалгаагаар, 2021 онд нислэг 30 хувиар сэргэнэ гэсэн тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, 2019 онд дэлхий даяар 39 сая нислэг үйлдсэн бол 10 сая орчим нислэг сэргэх хэмжээнд хүрсэн байна. 


ИНЕГ-аас Монгол Улсаас хамгийн олон нислэгтэй БНТУ, БНСУ, БНХАУ, ОХУ, ХБНГУ-тай харилцан зорчих асуудлаар хэлэлцээ хийж байгаа аж.  Тухайлбал, БНСУ өдөрт 10-20 мянган хүнд вакцин хийж 10 дугаар сар гэхэд хүн амаа бүрэн дархлаажуулах төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ