Гадаад сурталчилгаанд гурван яам нэгдсэн бодлоготой оролцоно

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-06 21:48:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголыг дэлхий дахинаа таниулан сурталчлах бодлогоо Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, Гадаад харилцааны яам хамтран хийхээр болж өнөөдөр уулзалт зохион байгуулав. 


Монгол Улсын Засгийн газраас Монголын гадаад нэр хүндийг өсгөх, эх орноо таниулан сурталчлах хүрээнд бодлого, ажлаа чиглүүлэх зорилт дэвшүүлсэн. 



Жил бүр холбогдох яамд гадаадын олон оронд Монгол Улсаа сурталчилсан үзэсгэлэн, уулзалт зохион байгуулдаг ч нэгдсэн бодлогоор өнөөдрийнх шиг хандаж байсан удаагүй. Нөгөөтэйгүүр, тавдугаар сарын 1-нд хилээ нээж, долоодугаар сард Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлыг нээнэ. Тиймээс БОАЖЯ, Гадаад харилцааны яам, Соёлын яам цаашид тусгаар Монгол Улс, бусдаас ялгарах, нэгдсэн сурталчилгааны богино, дунд, урт хугацааны стратeги төлөвлөгөөтэй ажиллахаар боллоо.



Уулзалтын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Цаашид бид цахим технологи, нийгмийн сүлжээ, хиймэл оюун ухааны давуу талыг ашиглаж, зөв, үр дүнтэй сурталчилгаа, маркетингийн ажлыг нэгдсэн бодлоготойгоор хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Монгол Улсын аялал жуулчлалын хувьд нүүдлийн аж ахуй, уламжлалт соёл, түүх нь олон улсын зах зээлд өрсөлдөх гол ялгарал, давуу талыг бий болгодог. Энэ ч утгаараа монгол наадмыг үзэх гэж жил бүр 100 гаруй мянган жуулчин Монгол Улсад аялдаг. Мөн нүүдлийн соёл, ахуйг сурталчлах, өвлүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр Бүргэдийн баяр, Түмэн тэмээний баяр, Эсгийн баяр зэрэг 40 гаруй үйл ажиллагааг манай яамнаас зохион байгуулж байна. Цаашид эдгээр ажлын менежментийг сайжруулах, цар хүрээг нэмэх чиглэлээр Соёлын яамтай нягт хамтран ажиллах саналтай байна. Өнөөдрийн хурал бидний нэг ойлголттой, нэг зорилготой хамтын ажиллагааг бий болгоход чухал үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. 



Засгийн газраас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох зорилт тавьж, энэ хүрээнд 200 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр болов. Энэ хүрээнд БОАЖЯ-наас тогтвортой аялал жуучлалыг хөгжүүлэх төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөвсгөл, Хэнтий аймагт хэрэгжүүлж тухайн аймгийн дэд бүтцийг сайжруулах, нутгийн иргэдийг чадавхжуулж жуулчдын урсгалыг татахаас гадна аялал жуучлалын сургалтын төв байгуулах зэрэг ажилд анх удаа 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг  энэ салбарт хийж байна.



Түүнчлэн БОАЖЯ-наас Аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, бизнесүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд  олон улсын хэмжээний урлаг, соёл, спорт, хурал зөвлөгөөн, үзэсгэлэн зэрэг арга хэмжээг жуулчны идэвхгүй улирал буюу жил бүрийн 9-5 дугаар сарын хооронд зохион байгуулах бэлтгэлийг хангаж байна.



Гадаад сурталчилгааны цахим платформ, шинэлэг контент баяжуулах ажлыг хийх, мэдээллийн төвийг ажиллуулах, соёл, түүхийн хөтөч бэлтгэх, нэгдсэн гарын авлага боловсруулах гарц шийдлийг эрэлхийлсэн олон ажил төлөвлөв.

Холбоотой мэдээ