Ажлын байр хадгалах итгэлийн зээл

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2021-03-11 12:41:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Засгийн газар 10 их наядын 3 жилийн хугацаатай эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж  өнгөрсөн сард зарласан билээ. Түүний эхнийх нь 4000 аж ахуйн нэгжид 500 сая, 25 000 иргэнд 50 сая хүртэл төгрөгийн зээлийг 2 их наяд төгрөгт багтаан ажлын байр хадгалах зорилгоор олгоно гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн юм.


Зээл хүү 3 хувьтай байна. Арилжааны банкинд зээлийн хүүгийн зөрүүг улсын төсвөөс олгоно. Ийм хэмжээний зээл гаргаснаар Ковид-19 цар тахлын улмаас алдагдсан ажлын байр, унасан эдийн засаг сэргэнэ. Хүрэх төвшин улсын эдийн засгийн 2019 оны тоон үзүүлэлтэд хүрнэ гэж Засгийн газар тооцжээ. Монгол Улсын эдийн засаг 2019 онд таван хувийн өсөлттэй гарч байсан. Түүнээс хойш эдийн засгийн энэ өсөлт алга болохтой зэрэгцээд тэр хэмжээний алдагдалтай болжээ. Дээрх хөтөлбөр хэрэгжсэнээр алдагдал алга болохын зэрэгцээ 5 хувийн өсөлт гарах боломжтой болох нь. Энэ бол сайн хэрэг. Засгийн газар энэ алхмыг  хэрэгжүүлэхдээ аж ахуйн нэгжүүд зөвхөн НӨАТ төлөгч байх шаардлагатай. Түүнээс гадна  хөтөлбөрт заасан  хэмжээнээс дээш зээл аж ахуйн нэгжүүдэд олгосон тохиолдолд зээлийн батлан даалтын сан баталгаа гаргана. Тус сангийн гүйцэтгэх захирал Ш. Алтанчимэг “Аж ахуйн нэгжүүд өмнө нь арилжааны банкнуудаас авсан зээлдээ дахин санхүүжилт хийж гурван хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэх бүрэн боломжтой” гэсэн тайлбар хийжээ. Цар тахал эхэлснээс хойш манай улсад 68.9 мянган ажлын байр шууд үгүй болсон. Эдийн засгаа идэвхжүүлэхгүй бол 2021 он гэхэд, 130 мянган ажлын байр хомстох болно гэдгийг эрдэмтэд судалж тогтоожээ. Энэхүү судалгаан дээр үндэслэн дээрх хөтөлбөрийг боловсруулжээ. Иргэдийн зээлийг өнөөдрийг хүртэл зөвхөн хэрэглээний  зээл (цалингийн, цахилгаан барааны гэх мэт)-ийн төвшинд банк, ББСБ, ломбард, хоршооны төвшинд авч үзэж ирсэн байна.


Ажлын байр бий болгох хүрээнд одоо Засгийн газар авч үзэж байгаа нь энэ бололтой. Харин иргэдийн зээл   бол өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал энэ төрлийн зээл хамгийн өндөр төлөлттэй байдаг аж. Ийм жишээг Сангийн сайдыг ажлын байр хадгалах зориулалттай зээлийн хөтөлбөрийг нийтэд танилцуулах үеэр ХААН банкны гүйцэтгэх захирал Г. Мөнхтуяа нэг тоо баримтыг танилцууллаа. Тус арилжааны банкнаас олгосон иргэдийн нийт зээлийн 2.7 хувь нь найдваргүй зээлийн ангилалд оржээ. Гэхдээ зээл найдваргүй ангилалд орох гэдэг огт төлөгдөхгүй гэсэн ойлголт биш. Удаашралтай болохоос төлөгдөх магадлал өндөр байдаг гэж банкны өр барагдуулах албаны зарим эх сурвалж мэдэгдсэн байх юм. Барааны зах дээр гутлын лангуу ажиллуулдаг, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг хүн байлаа гэхэд тэр хүний эргэлтийн хөрөнгө, олох орлогын талаар иж бүрэн тооцоо судалгаа ХААН банканд байдаг. Түүн дээрээ түшиглээд ажлын байр хадгалах зээлийг тус банкнаас гаргах боломжтой бололтой. Аль нэг зах дээр лангуу ажиллуулдаг, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэд гэрээ болон бусад баримт бичгээ бүрдүүлээд хамрагдах боломжтой гэж ХААН болоод бусад арилжааны банкны гүйцэтгэх захирлууд мөн мэдэгдэв. Иргэдийн зээлийн эргэн төлөлт арилжааны банкнуудын зээл гаргах итгэлийг төрүүлж эхлэв гэлтэй.


Засгийн газрын одоо гаргаж байгаа ажлын байр хадгалах хөтөлбөрийн зээл нь аж ахуйн нэгж, иргэдийн урьд нь авсан зээлд шилжүүлэх боломжийг бүрдүүлжээ. Энэ нь зээлийн хүүд дарагдах аюулыг тэдний нуруун дээрээс авч хаясан сайн зүйл болсон гэж иргэд ам сайтай байна. Иргэд, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн 80-90 хувь нь 50 сая хүртэлх төгрөгийн зээл авдаг аж. Эрэлтийн даацаар нь 25,000 иргэнд ийм зээл олгоход 500-600 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоолол хийжээ.


Хөтөлбөрийн зээлийн гаралт, олголтын талаар Засгийн газар 7 хоног бүр нийтэд мэдээлж байх талаар урьдчилан төлөвлөжээ. Зээл олголтын анхны мэдээллийг энэ долоо хоногийн баасан гаригт хийхээр төлөвлөж байна. Арилжааны банк эрсдэлээ даах, зээл хэнд хэрхэн олгогдож байгаа талаар иргэд мэдээлэлтэй байх нь ажлын байр хадгалах зээл эзэндээ очих давуу тал байх бололтой. Иргэн арилжааны банк хоёрыг ойртуулсан ажлын байр хадгалах “итгэл”-ийн зээлтэй болов бололтой. Итгэлийг зүтгэлээр хариулах нь иргэдийн үүрэг байх нь тодорхой. Цаашдаа арилжааны банкуудын иргэдэд олгох “итгэл”-ийн зээл шалгуур багатай болоосой. Ингэсэн тохиолдолд ББСБ, ломбардын зээлийн өндөр хүүг арилжааны банкууд зад татан унагах эхний алхам болох магадлал өндөр байна.

Холбоотой мэдээ