Ж.Ганчимэг: Үйлдвэрийн ажилчдыг дархлаажуулах бэлтгэлээ бүрэн хангасан

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-03-16 10:46:16
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилчдаа вакцинжуулалтад хамруулах, бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа талаар “Эрдэнэт” сувиллын  цогцолборын Үйл ажиллагаа эрхэлсэн орлогч Ерөнхий эмч Ж.Ганчимэгээс тодрууллаа.


-Үйлдвэрийн ажилчдыг вакцинд хамруулах ажлын бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинжуулах ажлын төлөвлөгөө нэгдүгээр сард батлагдсан. Улс орны хэмжээнд дархлаажуулалт зохион байгуулах ажлын удирдамж батлагдсаны дагуу бид дөрвөн чиглэлээр 14 үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Энд ажиллах хүний нөөцийг бэлтгэх, сургаж дадлагажуулах зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газартай хамтарсан сургалтад 17 эмч, эмнэлгийн ажилтан хамрагдлаа. Мөн нөөцөд ажиллах 39 ажилтныг дадлагажуулж бэлтгээд байна. Нэг гол ажил нь түр цэг байгуулах бэлтгэл хангасан. Аймгийн Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Спорт цогцолборын зааланд түр цэг байгуулах болсон. Халдвар хамгаалал, хяналт, сэргийлэлтийн бэлэн байдлыг хангах чиглэлээр ариутгал халдваргүйтгэлийн бодисууд, түүнд шаардлагатай жижиг багаж хэрэгсэл бусад зүйлийг бэлтгэж бэлэн болгоно.

Дархлаажуулалтад ажилтан албан хаагчид, иргэдийн сэтгэл зүйг бэлтгэх ажил зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусгасан байгаа. Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн нэгдсэн баг гарсан. Энэ ажлын хүрээнд ажилчдынхаа дунд тандалт судалгаа явууллаа. Ингэснээр вакцинжуулах хүмүүсээ эрэмбэлнэ. Эрдэнэт үйлдвэрийн ажилчид, гэрээт ажилчдаа оруулаад 7230 хүний судалгааг гаргаж ХӨСҮТ, Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар комисс болон Уул уурхайн яам руу явуулсан. Эхний ээлжинд голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчид, цагдаа, онцгой, бусад бүрэлдэхүүнд ажиллах хүмүүс орж байгаа. Өөрөөр хэлбэл хариу арга хэмжээ авч ажиллаж буй хүмүүс. Хоёрдугаарт 50-аас дээш насны болон архаг хууч өвчтэй хүмүүс хамрагдана. 

-Вакцинд хамрагдах хүмүүсээ эрэмбэлсэн үү?

-Орхон аймгийн хэмжээнд 24700 хүн вакцинжуулалтад хамрагдах төлөвлөгөө гарсан. Үйлдвэрийн ажиллагсад нэг ажлын байранд үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр вакцинжуулалтад бүрэн хамрагдах ёстой. Ер нь вакциныг эрүүл хүмүүст хийдэг. Энэ удаагийн вакциныг олон улсын түвшинд зөвшөөрснөөр зохих хүмүүст хийх юм. Бид архаг хууч өвчтэй хүмүүсээ эрэмбэлсэн. Цех хариуцсан эмч, эмнэлгийн ажилчид тодорхой судалгааг өвчний нэршлээр гаргаж байна. Энэ хүмүүс хоёрдугаарт эрэмбэлэгдэнэ.

-Вакцинд хамрагдах хүмүүс юуг анхаарах ёстой вэ?

-Ямар ч вакцин хийлгэхэд эхний нэг хоёр хоногт хавдах, улайх, дотор муухайрах, толгой өвдөх шинж тэмдгүүд  илэрдэг. Энэ нь 96 хувьтай байгаа нь харьцангуй хариу үйлдэл үзүүлж буй хүмүүсийн биеийн дархлаа сайн байна гэсэн үг. Одоогоор хүнд хэлбэрийн тохиолдлууд бүртгэгдээгүй байна. Бид вакцинжуулахад шаардлагатай төсвөө гаргана. Дархлаажуулах ажлыг явуулахад гурван өрөө хэрэгтэй байгаа. Хүлээн авалтын, эмчийн үзлэгийн буюу вакцинжуулалтын, ажиглалтын өрөө гаргана. Өөрөөр хэлбэл 15-30 минут тухайн хүнийг ажиглах өрөө гарган ажиллана. Одоогийн байдлаар таван түр цэг байгуулаад байна. Дархлаажуулах үйл ажиллагаа вакцин татан авснаас хойш долоо хоногийн хугацаанд хийнэ. Нэг түр цэгт таван хүн ажиллахаар зохион байгуулна. Цахим бүртгэлийн ажилтан, үзлэгийн эмч, сувилагч, зохион байгуулагч, ажиглалтын цагдаа, онцгойгийн хүмүүс нэг баг болж ээлжээр ажиллана. Дархлаажуулалтад хамрагдаж буй хүмүүс сэтгэл зүйн бэлтгэлтэй, эерэг мэдээлэлтэй байж, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нэгдсэн зөвлөмжийг дагах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүсийн судалгааг эмч, эмнэлгийн ажилчид урьдчилан гаргана.

Дархлаажуулалт эхлэхээс тав хоногийн өмнө үзлэг хийнэ. Тодорхой хэмжээний эмчилгээ шаардлагатай хүмүүст эмчилгээ хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, харшлын суурьтай хүмүүст асуудал гарч болзошгүй гэсэн болгоомжлол байгаа. Дэлхийн хэмжээнд хоёр зуун сая хүнийг вакцинжуулаад байна. Эндээс харшил өгсөн тохиолдол бүртгэгдээгүй. Тэгэхээр харшилтай хүмүүсийг тодорхой хугацааны дараа вакцинжуулалтад хамруулах зохион байгуулалтын ажил явуулна. Энэ хүмүүсийг эмнэлгийн ажилтнууд урьдчилсан эмчилгээнд хамруулна. Ер нь хаа ч нийтийг хамарч болзошгүй тохиолдлууд байгаа учраас улсын хэмжээнд хүн амын 60 хувийг вакцинжуулалтад хамруулах зорилт тавьсан байгаа. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийнхээ нийт уурхайчдыг вакцинжуулах ажилд бүрэн хамрагдаж, айдасгүй хөдөлмөрлөхийг уриалах байна. 

-Баярлалаа. 

Холбоотой мэдээ