“Ухаалаг Эрдэнэт - 1” хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-03-15 15:17:14
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын “Цахим бодлогын хөгжлийн хорооЭрдэнэт ШУТП”-тай хамтран Эрдэнэт хотын хэмжээнд 2021-2024 онд хэрэгжүүлэх "Ухаалаг Эрдэнэт-1" хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын төлөөлөгч болон иргэд оролцлоо.

“Ухаалаг Эрдэнэт-1” хөтөлбөр нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд мэдээллийн технологийг ашиглах зорилготой юм. Хөтөлбөрийн төслийг “Эрдэнэт ШУТП”-ийн захирал, доктор Г.Энхбаяр боловсруулж иргэд олон нийт, мэргэжлийн холбоод, мэдээллийн технологийн ажилтнуудаас санал авч төсөлдөө тусгасан байна.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ  орон нутгийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламж, хамтын ажиллагаатай донор байгууллагуудаас санхүүжүүлэх гэнэ.   

Хөтөлбөрийн төсөлд, Хотын захиргаа, төслийн нэгж, Нийгмийн аюулгүй байдал, эрүүл мэнд, Хог хаягдлын менежмент, Нийтийн тээвэр, замын хөдөлгөөн, Эрчим хүч мэдээллийн технологи, Бизнесийн хөгжил, аялал жуулчлал зэрэг зургаан бүлэгт 30 үйл ажиллагаа зохион байгуулахаар тусгасан байна.    

Хэлэлцүүлэгт оролцсон иргэд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс төсөл хэрэгжүүлэх нэгжийг тодорхой болгох, төслийн хүрээнд хийх ажлыг эрэмбэлэх, иргэдийн бодит оролцоог нэмэгдүүлэх, хэрэглэгч гэхээсээ илүүтэй бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, энэ төрлийн төсөл хэрэгжүүлж эхэлж буй бусад улс орон, хотуудтай уялдаа холбоотой ажиллах, харилцаа холбоо мэдээлэл технологийн газраас чиглэл авах зэрэг санал гарлаа.

Мөн СӨХ-ны үйл ажиллагаа, төлбөр хураамжид цахим систем нэвтрүүлэх, гэр хорооллын айл өрхийг ИШС-д холбосноор агаарын бохирдлыг бууруулах, ухаалаг нийтийн тээвэр, хяналтын системийг хүртээмжтэй болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх, ухаалаг хэрэглээг бий болгоход шаардлагатай мэдээллээр иргэдийг хангах, боловсролын байгууллагатай хамтрах зэрэг санал дэвшүүлжээ. “Ухаалаг-Эрдэнэт 1” хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн батлах юм.  

Холбоотой мэдээ