Хүн эрүүл байх үндэс нь аз жаргал

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2021-03-20 10:45:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үнэндээ  аз жаргал гэж түүнийг хэлнэ гэсэн нэгдсэн тодорхойлолт алга. Харин сэтгэл ханамж, тайван байдал, эд баялаг, хувь хүний хувьд алдарших нь аз жаргалд хүрэх арга зам гэх байдлаар өөр өөрийнхөөрөө  тайлбарлах гэсэн энгийн ойлголтууд түгээмэл  байдаг бололтой. Гэхдээ аз жаргал гэж юу вэ гэсэн асуултад хариулах гэж хийсэн судалгаа тоо баримтууд олон улсад байдаг юм байна. Эдгээр судалгаануудыг  тодорхой  обьект, орчин нөхцөлд тулгуурлан  хийжээ.  Судалгааны тоо баримтаас цөөнийг дурдъя. 


Тухайлбал, гадаа цаг агаар +13,9 хэм байхад хүний аз жаргалын төвшин хамгийн өндөр байдаг гэнэ. Санваартан, жүжигчин, архитектор мэргэжилтэй хүмүүс өөрсдийгөө хамгийн аз жаргалтайд тооцдог гэсэн байх юм. Эрүүл хүн бусдаасаа 20 хувиар илүү аз жаргалтай гэх мэт олон тодотгол эшлэлүүд байна.  Нойр нь ханасан хүн илүү аз жаргалтай гэдгийг тогтоохын тулд оюутнууд дээр судалгаа хийжээ. Уг судалгаагаар “нойр дутуу оюутнууд муу үгсийн 81 хувийг, эерэг үгсийн 31 хувь”-ийг эргэн санаж байсан" гэх дүн гарсан  байх юм.


Уурлавал уурлах мэдрэмжийг хүний тархи шууд авдаг. Мөн өлсвөл тархи удирдан ходоодыг ажиллуулж эхэлдэг. Хүний тархины энэ чадвар нь түүнийг ямар ч мэдээлэл мэдрэмжид хууртдаггүйг харуулсан гэх дүгнэлтэд Стэнфордын их сургуулийн эрдэмтэд хүрчээ. Судалгааг цааш үргэлжлүүлэн хийж, хүний тархи ганцхан  инээмсэглэлд  хууртдаг болохыг  тогтоосон байна. Инээмсэглэхэд тархи хүнийг аз жаргалтай байна гэж ойлгон энэ төрлийн  дааврыг ялгаруулж эхэлдэг гэнэ. Бүр уурлаж бухимдан,  уйлсан үед ч хүн уруулаа үл ялиг өргөн инээмсэглэхэд тархи түүнийг аз жаргалтай байна гэж мэдэрдэг аж. Дөрвөн настай  хүүхэд өдөрт 300-400 удаа сэтгэлээсээ инээдэг. Харин насанд хүрэхэд энэ тоо хэд дахин буурч  өдөрт 15 удаа сэтгэлээсээ инээдэг болохыг судалгаагаар тогтоожээ.  Тийм болохоор насанд хүрсэн хүн хүүхэд байх үеийнхээсээ 20 дахин бага  аз жаргалын даавар ялгаруулдаг  байх жишээтэй.


-Та юунд тэмүүлэн амьдрах ёстой вэ?  гэсэн асуултад ихэнх хүмүүс  "нэр алдар, мөнгө” гэж хариулсан байдаг. Гэвч ийм хариулт өгсөн хүмүүс ихэнхдээ алддаг гэжээ сэтгэл зүйч Роберт Вальдингер хариулжээ. Мөнгө аз жаргалтай болгодоггүй болох нь олон янзын судалгаагаар харагдсан гэж энэ чиглэлийн судлаачид хэлсэн байна.


Мөнгө аз жаргалтай болоход  нөлөөлдөг гэнэ. Гэхдээ удаан тогтвортой бус гэж томьёолсон байх юм. Ядуу хүн орлого өсөх хэрээр аз жаргал нь нэмэгддэг. Гэвч орон байр, хоол хүнс гэх мэт үндсэн хэрэгцээ хангагдахаар орлогын өсөлтөөс хүн  аз жаргал авах мэдрэмжгүй болдог гэсэн тайлбар хийсэн байх юм. Нобелийн эдийн засгийн салбарын 2015 оны шагналт, эдийн засагч Angus Deaton 2010 оны судалгаагаараа хүний жилийн орлого 75,000 ам.доллараас илүү гараад ирэхээрээ мөнгөнөөс таашаал авахаа больж эхэлдэг гэдгийг батлах оролдлого хийжээ. Хүний аз жаргалын тухайд мөнгө чухал ч тодорхой хэмжээнд хүрээд чухал бус болохыг  харуулсан судалгаанууд байдаг аж.


Харвардын судлаачид эрүүл ба жаргалтай амьдралын шалтгааныг тогтоохоор 600 орчим хүнийг дагнан Grant and Glueck нэртэй судалгаа хийжээ. Энэ бол эрүүл мэнд, аз жаргалын тухай явуулсан хамгийн урт хугацаа (75 жилийн турш)-ны судалгаа юм. Грант ба Глюк гэсэн хоёр бүлэгтэй энэ судалгаанд:


  • Харвардын психиатрист Жеорж Вейлантаар ахлуулсан Grant study бүлэгт Харвардын хоёрдугаар дамжааны 268 эрэгтэй
  • Харвардын хуулийн сургуулийн профессор Шелдон Глюкээр ахлуулсан Glueck study бүлэгт Бостон хотод өссөн, амьжиргааны төвшин тааруу 12-16 насны 456 хөвгүүн гэсэн хоёр өөр удирдагчтай, хоёр өөр бүлэгт судалгаа явуулсан байна.

Тэд судалгаандаа оролцогчдын хариулт, эрүүл мэндийн тайлан, тархины скан, цусны дээж, тэмдэглэл, найз, гэр бүлтэйгээ хийсэн ярилцлага зэргийг багтаасан мянга мянган хуудас материал ашиглажээ.


Харвардын судлаачдын олон жил  хийсэн судалгаанд аз жаргалтай байх шалтгаанд хүмүүс хоорондын харилцааг хамгийн чухал гэж тооцжээ. Бусадтай ойр дотно харилцаатай оролцогчид илүү аз жаргалтай, бас эрүүл байж урт насалдаг болох нь ажиглагджээ. Эндээс харвал хүний бие эрүүл байх үндэс нь аз жаргал болж таарч байна. Ийм учраас аз жаргалын утга учир, мөн чанарыг тодорхойлох гэсэн олон судалгааг хийсэн биз. Цаашдаа ч ийм төрлийн судалгаа хийх нь ойлгомжтой. Эдгээр судалгаан дээр тулгуурлан аз жаргалын талаар олон янзын байр суурь гарч ирдэг бололтой. Жил бүрийн 3 дугаар сарын 20-ныг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгон тэмдэглэх болжээ.


Бутан (Bhutan) улс олон улсын ийм өдөртэй болохыг анх санаачилжээ. Түүнийг нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталгаажуулан жил бүрийн гуравдугаар сарын 20-ныг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгон тэмдэглэдэг байх зөвлөмж гаргажээ. Бутаны вант улсын оршин суугчид дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс бөгөөд иргэдийн аж амьдралыг хэмждэг нийт үндэстний  аз жаргалын коэффициентээр хамгийн өндөр гэж үнэлэгддэг юм байна.

Холбоотой мэдээ