Ч.Пүрэвсүрэн: Энхийг сахиулах ажиллагаанд оролцож 5000 гаруй хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-03-18 22:44:05
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.Монгол Улсад шинэ Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, “Цэргийн баяр”-ын өдрийг тохиолдуулан Байлдааны гавъяаны улаан тугийн болон Алтангадас одонт БНМАУ-ын Маршал  Г.Дэмидийн нэрэмжит Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн эмийн санч нөөцийн няравахлагч Ч.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Тэрээр Энхийг сахиулах ажиллагаанд  186 дугаар ангиас оролцсон анхны  эмэгтэй энхийг сахиулагч юм.

-Танд юуны өмнөМонгол цэргийн баяр”-ын өдрийн мэнд хүргэе. Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хэдэн жил ажиллаж байна?

-Баярлалаа. Би 1990 онд Анагаах Ухааны дунд сургуулийг бага эмч мэргэжлээр төгссөн. 2007 онд МУИС-ийг бизнесийн удирдлагаар төгссөн. 1990-оноос өдийг хүртэл эрүүл мэндийн байгууллага,  1995 оноос өнөөдрийг хүртэл 186 дугаар ангид бага эмч, ахлах сувилагч, эмийн санчаар 26 дахь жилдээ ажиллаж байна.

-Яагаад цэргийн ангид ажиллах болов?

-Миний өвөө 1945 онд Чөлөөлөх дайнд оролцож байсан. Хилийн цэргийн ахмад цолтой эмнэлгийн дарга байсанМанай удмаас өвөө, бид хоёр л цэргийн ангид ажиллаж байна. Би багадаа цэргийн хүн болохыг хүсдэг байсан. 1995 онд Эрдэнэтэд ирээд ажил хайж байгаад ЗХ-ний 210 дугаар  ангид бага  эмчийн орон тоо байна гэхээр нь л очиж уулзсан.

-Цэргийн ангид эмчээр ажиллахад шалгуур өндөр байсан уу?

Тухайн үед бага эмчээр ажилд орсон. 1995, 1996 оны үед хүмүүс хувиараа наймаа хийх нь их байсан учир цэргийн анги эмчгүй болчихсон байсан. Тэгэхэд ангийн захирагч хурандаа  н. Лхагвасүрэн дарга хөдөө орон нутагт таван жил ажиллаж байсан бага эмч хүн чадварлаг л байгаа гээд намайг шууд ажилд авч байлааИнгээд 2002 онд  ЗХЖШ-ын даргын тушаалаар  эмнэлгийн дайчилгааны нөөцийн няраваар томилогдон,  ахлагч цолтой болсон.  

-Та хэдэн онд Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байв?

-Би 2011 онд ЗХ-ний 186 дугаар ангиас Энхийг сахиулагч анхны эмэгтэй болсон. /инээв/.  41 настайдааБүгд Найрамдах  Судан улсын Дарфур муж дахь НҮБ, Африкийн холбооны хамтарсан Энхийг сахиулах UNAMID ажиллагааныМонгол Улсын цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлэгийн II V ээлжинд хүлээн авах ялган дугаарлах бүлэг”-ийн сувилагчаар хоёр удаа үүрэг гүйцэтгэсэн. Цэргийн хээрийн  хоёрдугаар шатны эмнэлэг үйл ажиллагаа явуулсанаас хойш Монголын эмэгтэйчүүд Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох оролцоо нэмэгдсэн. Өмнө нь эрэгтэйчүүд л их явдаг байсан. Сери-леьон руу л анх удаа эмэгтэйчүүд явж эхэлсэн байдаг юм билээ. Надаас хойш манай ангиас таван эмэгтэй энхийг сахиулах ажиллагаанд оролцсон. Би Судан руу явахдаа эмнэлгийн чиглэлээр буюу сувилагч мэргэжлээрээ үүрэг гүйцэтгэсэн. Цэргийн хээрийн  хоёрдугаар шатны эмнэлэг нь эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэгээрээ бусад ажиллагаанаас  онцлог. Бусад ажиллагаанд эмэгтэйчүүд холбоо, ар тал  гээд өөр чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг бол би сувилагч мэргэжлээрээ үүрэг гүйцэтгэсэн.

-Анх Судан руу явахад ангиасаа хэдэн хүнтэй явж байв

-Эхний удаа үүрэг гүйцэтгэхдээ ангиас би, хоёр жолоочтой  гурвуулаа явсанЭнэ  ажиллагаанд 1 ээлжиндээ 68 хүн явдаг, нийт 8 ээлж явсан байдаг. Эхлээд явахаас өмнө Дарфурын дайны үе, дараах үеийг харуулсан баримтат кино үзүүлсэн. Төрөл бүрийн мэдээллээр хангасан. Бэлтгэл ч их хүнд байсан. Эмэгтэйчүүд нь 20, эрэгтэйчүүд нь 30 кг ачаа, дээрээс нь буугаа үүрээд 30 км алхдаг. Алхахдаа буудна, мөлхөнө, өглөө бүр 5 км гүйнэ гээд. Дээрээс нь сэтгэл зүйн бэлтгэлийг маш өндөр хангасан байсан. Манай улсад сүүлийн 70 жилд дайн, дажин тогтворгүй байдал үүсээгүй учир бидний төсөөлснөөс өөр орчин угтана шүү гэж хэлж байсан. Очсон хойноо дайнд нэрвэгдсэн улс орон ямар болдгийг харж байлаа. Буудуулсан өвчтөнд анхны тусламж үзүүлэхээс л анхны үүргээ гүйцэтгэж байсанМонгол Улс, 186 дугаар ангийнхаа нэрийг өндөрт өргөчих юмсан, цэргийн ангийн сувилагч ямар байх ёстойг л харуулах гэж хичээсэнМанай дарга нар ч их дэмжсэн.

-Суданд очиход анх ямар байв. Төсөөлснөөс чинь хэр зөрүүтэй байв?

-Үнэхээр өөр байсан. Цаг агаар ч хүнд, халуун. Элсэн дээр нь явж чадахгүй. Гэхдээ манай эмнэлэг байрлаж байсан газар монгол хөрс шиг хатуувтар, агаар нь жаахан задгайдуу байсан. Очоод хоёр хонож байтал буудалцаад эхэлсэн. Бид хорогдох байрлуу орсон. Ингэж л анхны буун дуу сонсож байсандаа. 

-Та очсон хойноо шантарсан уу?

-ҮгүйМонголд байхдаа маш олон шалгуурыг давсан учир үүргээ сайн гүйцэтгээд ирэх юмсан гэж бодсон. Харамсах, шантрах үе байгаагүй. Би сүүлд тайлангаа нэгтгэхэд нийт 5000 гаруй хүнд үйлчилсэн байсан. Манайх НҮБ-ын цэргийн алба хаагчдад эмнэлгийн тусламжийг 24 цагаар үзүүлэх үүрэгтэй байсан. Манай бүлэг эмнэлэгт ирсэн өвчтөнүүдэд хамгийн түрүүнд тусламж үзүүлж дараагийн шатны эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд нь чиглүүлж өгөх үүрэгтэй байлаа. Өөрөөр хэлбэл, хамгийн түрүүнд манай өрөөгөөр дамжиж байж цааш нь шилжүүлнэ гэсэн үг. Бас хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд тухайн орон нутгийн иргэдэд нь өдөрт 8,00-12.00 д цагт эмнэлгийн тусламж үзүүлдэг байсан. Тэгэхэд үнэхээр өрөвдөлтэй хүмүүс ирдэг байлаа. Тэнд ус ховор, халуун учир элдэв өвчин ихтэй, ядуу буурай, хүмүүс нь их өвдсөн байсан.

-Монгол шиг сайхан, тайван улс цөөн дөө. Тэр улсын байдлыг хараад манай монгол шиг жаргалтай газар ховор юм даагэсэн төрж байсан байх. Эх орноороо бахархаж байв уу?

- Юуны өмнө Монгол хүн, монгол эмэгтэй болж төрсөндөө маш их бахархсан. Ийм газар төрсөн бол яана даа гэж бодож байлаа. Бас НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоно гэдэг нэр төрийн хэрэг байлаа. НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон бие бүрэлдэнүүнд НҮБ-ын медаль өгдөгМедаль гардах агшинд маш их омогшиж “дэлхийд данстай хүн боллоо гэж маш их бахархаж байсан. Ажиллагаанд оролцож байхдаа186 дугаар  ангийнхаа нэрийг өндөрт өргөчих юмсан гэж  маш их хичээсэн. Бас өглөө болгон төрийнхөө дууллыг дуулаад, төрийн далбаагаа мандуулаад  ажилдаа ордог ийм ажилтай хүн цөөнТийм учраас төрийн минь сүлд өршөөг гэж үргэлж  залбирч, талархаж явдаг.

-Ярилцах хугацаа бага байсан ч гэлээ цаг гаргасанд танд Баярлалаа. Монгол Улсад шинэ Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, анги байгуулагдсаны түүхт 85 жилийн ой, Монгол Цэргийн баярын өдрийн мэндийг   хүргэе.


Холбоотой мэдээ