Сургуулийн барилгыг өргөтгөх асуудлыг хэлэлцэв

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-03-19 20:31:29
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны гишүүд Зэст, Хүрэнбулаг багаас сонгогдсон ИТХ-ын  төлөөлөгч, багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нартай уулзаж IV сургуулийн өргөтгөлийн асуудлыг хэлэлцлээ. Тус сургуульд Зэст, Хүрэнбулаг багийн хүүхдүүд сурдаг бөгөөд хичээлийн хоёр байранд 184 багш, 3025 сурагчтай үйл ажиллагаа явуулж байна.

Хичээлийн нэгдүгээр байр буюу IV сургууль нь 1980 онд 1176 хүүхдийн хүчин чадалтай ашиглалтад орсон ч өнөөдрийн байдлаар 2500 гаруй сурагч, хоёрдугаар байр буюу VI бага сургууль нь 2006 онд 216 хүүхдийн хүчин чадалтайгаар ашиглалтад орж, өнөөдрийн байдлаар 525 хүүхэд сурч байна.

Ирэх жил “Уурхайчин-1” хороолол ашиглалтад орж, шинэ суурьшлын бүс үүсч байгаатай холбоотойгоор тус сургуулийн сурагчдын тоо 600 орчмоор нэмэгдэж, гурван ээлжээр хичээллэх төлөвлөгөөтэй байгаа юм. Зэст баг нь өөрийн нутаг дэвсгэр дээр ерөнхий боловсролын сургууль байхгүй учраас Хүрэнбулаг багийн IV сургуульд хүүхдүүд нь суралцдаг юм.   Тиймээс тус багаас сонгогдсон Төлөөлөгчид өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан Зэст багийн нутаг дэвсгэрт ерөнхий боловсролын сургууль барих, Хүрэнбулаг багийн IV сургуулийг өргөтгөх хүсэлтийг аймаг, орон нутгийн удирдлага, УИХ-ын Байнгын хороод, Орхон аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд, Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам зэрэг шийдвэр гаргах түвшинд уламжилж төсөв, санхүүг улсын төсөвт тусгуулах чиглэлээр хүсэлт хүргүүлэхээр боллоо.

Холбоотой мэдээ