Сансрын хөлгийн барианы газар сар мичдийн тохиох зайд

Монголын мэдээ | Нийгэм
batbold.sh@montsame.gov.mn
2021-03-22 13:56:09
@ShoovdorBatbold

-Хамтарсан нислэгийг сурвалжилсан 40 жилийн өмнөх сурвалжлага-1-


1981 оны гуравдугаар сарын 22-ны үдээс хойш Москва хотноо суугаа Монголын мэдээллийн байгууллагыг /МОНЦАМЭ, Радио, телевиз/ төлөөлсөн сурвалжлагч миний бие сансрын нислэгийг газраас залж удирддаг “ЦУП” хэмээх газар очихоор автобусанд сууж, Москва хотын зүүн хойт зүгийг чиглэн хөдлөв. “ЦУП” хэмээх товчилсон үг нь монгол хэлнээ буулгавал “Нислэгийг удирдах төв” / НУТ/ гэх ажээ. Москва хотын зүүн хойт захдуу их хотын хөдөлгөөнөөс зайдуухан нарсан төгөлийн дунд бидний очих ёстой НУТ байрлах ажээ. Тэр үед социалист орны сансрын нисэгчид жил алгасалгүй ээлж дараалан сансарт хөөрдөг байсан болохоор бидний байн байн очдог НУТ-ийн барилга байшин танил газар байлаа.


Домогт Байканурын сансрын гарааны талбайд “Союз- 39” хөлгийг биен дээрээ байрлуулсан сансрын хүчирхэг пуужин гарааны талбайд байхыг НУТ-ийн хана дүүрэн харагдах дэлгэцээс бид тухлан харж суув. НУТ-ийн хананд байрлуулсан тэрхүү дэлгэцнээ дэлхийн бөмбөрцгийн гадаргуу, уул, ус далай тэнгисийн зургийг харуулсан агаад сансрын хөлөг хаана нисч явааг тэмдэглэсэн бяцхан цагаан цэг алгуур хөдлөн байрлалаа өөрчлөх нь сансрын хөлгийн нислэгийн хөдөлгөөнийг зааж буй нь тэр ажээ. 


Чухам тэр үед монгол хүн анх удаа сансарт нисч байгаа болохоор сэтгэл хөөрөн бахархах, эргэн тойрны бүх юм сайн сайхан, илүү гоё өнгө будагтай мэт харагдаж, нэг л яарч адгасан байдал монгол хүн болгонд байсан гэвэл дэгс болохгүй биз ээ. 


Сансрын нислэг маань Монгол-Зөвлөлтийн хамтарсан нислэг тул монгол-зөвлөлтийн сурвалжлагчид нэг баг болж ажилласан юм. НУТ дээр ажиллах багт монголын талаас ажилласан надтай хамт зөвлөлтийн төв телевизийн Герман Седов хэмээх нас тогтсон тоймч хүн ажилласан билээ. Герман Седов бол Болгарт телевизийн сурвалжлагчаар ажиллаж байгаад Москвад эргэж ирээд мэдээллийн ‘Время” хөтөлбөрт тайлбарлагчаар ажиллаж байв. Г.Седов сансрын хэд хэдэн удаагийн нислэгт сурвалжлагчаар ажиллаж байсан сэтгүүлч байжээ. Миний хувьд янз бүрийн үйл явдалд биечлэн оролцож сурвалжилж байсан ч сансрын нислэгийг анх удаагаа сурвалжлахаар томилогдсон минь энэ билээ. Сансрын нислэгийг газраас залж удирддаг төвөөс хийх сурвалжлага маань НУТ-ийн хоймрыг тэр чигээр нь эзэлсэн томоос том дэлгэцтэй холбоотой байж билээ. Нэг талаас сансрын нислэгийг анх удаа сурвалжлан дэлгэцнээ шууд гарч ярих, нөгөө талаас монгол хүн сансарт нисэх болсны учир шалтгааны улмаас сэтгэл догдолсон зэрэг нь санаанд олигтой өгүүлбэр орж ирэхгүй байв. НУТ-ийн хоймор талыг эзэлсэн том дэлгцнээ “СОЮЗ-39” хөлөг хэдхэн цагийн дараа нисэн очиж залгагдах “Салют-6” эрдэм шинжилгээний станцын байрлалыг харуулсан цагаан цэг Атлантын далайн тус газар байгааг харуулжээ. НУТ-ийн операторууд “Салют” станцтай радиогоор байнга холбоо барьж, нислэгийн явц, нисэгчдийн биеийн байдал, “Союз-39” хөлгийн байрлал хэдийд залгагдах зэргийг асууж лавлан ярилцаж байв. Сансрын хөлөг хөөрөх бүрийд НУТ-ийнхний ажил толгой татах завгүй болдог зуршилтай.


НУТ-ийн дэлгэцнээ Байконурт юу болсныг үзэж харснаа нэгд нэгэнгүй бичих нь уншигчдад их сонин байж болох юм. Сансрын хөлөг хөөрөх үйл явцыг бид дэлгэцнээс харж суухдаа сансрын хөлөг хөөрөхийг 90 минут сурвалжлахаар төлөвлөсөн, тэгээд ч санаанд орсон болгоноо чөлөөтэй ярьж болохгүй тийм цаг үе байсан төдийгүй 90 минутын хөтөлбөрийг урьдчилан бэлтгэж бичсэн ч ердөө л 30 минут л сурвалжилсан билээ.


НУТ-ийн том дэлгэцнээ Байконурын сансрын нислэгийн талбайд Союз-39, түүнийг тээн хөөрөх хүчирхэг пуужинг зөөн авчирч тал талаас нь түшин байрлуулж босгоод, зүг зүгээс нь хүчтэй гэрэл тавихад сансрын хөлөг цав цагаан, үзэсгэлэнтэй сайхан харагдаж байлаа. Г.Седов бид хоёр чихэвчээ хийгээд хүлээж суухдаа зөвлөлтийн төв телевизийн Останкиноны том сууринд суугаа зөвлөлтийн телевизийн тайлбарлагч Александр Тихомиров, манай яруу найрагч Ш.Сүрэнжав нар дэлгэцнээ гарч ирж ярьж эхлэхийг хараад удахгүй бидний ээлж болсныг мэдлээ. Байконураас Союз-39 амжилттай хөөрснийг хараад НУТ-ийн гол танхимд суусан хүмүүс алга ташин баяр хүргэв. Байконурын сансрын хөлгийн гарааны талбараас сансрын аварга том пуужин “ Союз-39” хөлгийг тээн сансар өөд тэмүүлэн газрын татах хүчнээс ангижран хөөрөх гэж утаа униар татуулан, гал утаа маналзуулан гайхамшигтай бас сүрлэг дүр зургийг бид сэтгэл хөдлөн харж байхдаа ямар их аварга том хүчээр газрын татах хүчнээс ангижирч буйг яг дэргэд нь байсан бол их нүргэлэх дуун ойр орчим төдийгүй тэртээ хол газар чичирхийлэн хөдлөх мэт болсон байх хэмээн бодож билээ.


“Союз-39” хөлгийг тойрог замд оруулах ёстой аварга том пуужин газрын татах хүчнээс ангижрах гэж 20 сая морины хүч гарган байж хөөрсөн ажээ.


НУТ-өөс хийх сурвалжилга эхэлж, Герман Седов Зөвлөлт-Монголын хамтарсан нислэг амжилттай болж, “Союз- 39” хөлөг дэлхийн тойрог замд орсныг мэдээлээд нисэгчийн биеийн байдал сайн, хөлгийн бүх аппарат хэрэгсэл хэвийн ажиллаж байна гээд одоо монголын телевизийн тайлбарлагчийн яриаг сонсъё гэв.

- Зөвлөлтийн сансрын хөлөг удаа дараа нисч, эх дэлхийдээ зөөлөн бууж байсныг манай үзэгчид телевизийн дэлгэцнээ нэг бус удаа харж байсан билээ. Бидний сурвалжилж байгаа НУТ бол сансрын тойрог замд яваа хөлөг, станц, хиймэл дагуулын нислэгийг газраас удирдаж, түүний бүхээгт байгаа аппарат хэрэгсэл яаж ажиллан буй тухай мэдээ сэлтийг цаг мөч бүрт хүлээн авч хамгийн гол гол ажилбарыг дэлгэцнээ харуулдаг юм. НУТ-ийн гол танхимийн доод давхарт ажиллаж байгаа тооцон бодох цогцолбор, сансрын алсын холбооны аппарат, телевизийн шууд үзүүлэх тоног төхөөрөмж бүрийг операторууд гардан хариуцаж, ажиглан хянаж байна. Та бүхэн одоо НУТ-ийн гол танхимийг харж байна. Өөр бусад танхимд мөн л нислэгийг амжилттай болгох янз бүрийн хэлбэрийн ажлыг шаргуу хийж байна. НУТ нь зөвхөн сансрын уудамд яваа хөлөг, станц, хиймэл дагуултай холбоо барих төдийгүй, дэлхийн хамгийн том том тэнгис далайд байрласан сансрын хөлөгтэй холбоо барих өвч төхөөрөмжтэй хөлөг онгоцноос ажиглан тандаж холбоо барьж байна. Эдгээр хөлгийг Юрий Гагарин, Академич Королёв хэмээн нэрлэдэг ажээ. Яг энэ өгүүлбэрийг хэлж байх үед Г.Седов залган авч: - Одоо Союз-39 хөлөг Монгол Улсын нутгийн зүүн хойт хэсгээр нисэн өнгөрч байна. Нисэгчдийн биеийн байдал сайн байна гэв.


МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Т.Галдан НУТ-д сурвалжлага хийж байгаа нь. 1981 оны 3-р сарын 22-ны өдөр


Энэ үед Останкинд ажиллаж байсан сурвалжлах хэсэг эрдэм шинжилгээний цогцолбор, “Салют-6”, “Союз-39” чухам хаана нисч явааг НУТ-ийн мэргэжилтэн нарт хандаж асуув. Останкинд ажиллаж байгаа сурвалжлах хэсгийн асуултад НУТ-ийн орлогч захирал Виктор Благов хариулахдаа: - Эрдэм шинжилгээний цогцолбор ЗХУ-ын нутгаас өнгөрч Номхон далай дахь Хавайн арлын орчим нисч байна. Одоо үзэгдэхгүй бүсэд орж нислэгээ үргэлжлүүлэн дэлхийг 4 дэхээ тойрох гэж байна. Газраас хоёр удаа заслага хийсний дараа “Салют-6” станцтай тойрог замын нэг цагирагт орж чадлаа. Одоо “Салют” станц Саяаны уулсын дээгүүр нисч явна. Монголын нисэгчдийн биеийн байдлыг сонирхоход, Ж.Гүррагчаа жингүйдлийн нөхцөлд маш түргэн сайн дасч байна. Анх удаа сансарт нисч байна гэж бодоход Ж.Гүррагчаа жингүйдлийн орчинд тун сайн дасч байна гэж Виктор дахин хариулав. Хөлгийн нислэгийг Монголын нутагт энгийн нүдээр харж болох эсэх тухай миний тавьсан асуултад “Союз-39” хөлөг бүрэнхий болсны дараа монголын нутгаас энгийн нүдээр харж болохоор НУТ заслага хийж байна гэв. “Салют-6” станц дээр ажиллаж байгаа сансрын нисэгч В.Ковалёнок, В.Савиных нар бид шинэ ирэх зочноо хүлээж авах гэж сэтгэл их хөдөлж байна гэж газартай холбоо барих үедээ сэтгэл догдлон ярих нь сонсогдов. Хоёр өөр цаг хугацаанд хөөргөсөн хөлөг станц хоёр сансрын хязгааргүй уудамд бие биеэ олж залгагдана гэдэг нь оньсон техникийн хүч өндөр мэргэжилтэй хүмүүсийн хийх ажил ажээ.


Түдэвийн ГАЛДАН

(Увс аймгийн Тэс суманд төрсөн Т.Галдан нь Намын дээд сургууль, Москвагийн Улсын Их Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, 60 орчим жил МОНЦАМЭ болон Монгол телевизэд сэтгүүлчээр ажилласан юм.

МОНЦАМЭ агентлагийн Москва дахь сурвалжлагчийн хувьд Т.Галдан Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийг бүрэн сурвалжилсан бөгөөд 3 дугаар сарын 30-ны өдөр Ж.Гүррагчаа. В.Жанибеков нарыг эх дэлхийдээ эргэн  газардахад нь анхны товч ярилцлагыг хийж байжээ.

Тэрбээр МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч, дэд захирал, тус агентлагаас үндэсний монгол бичгээр эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины Эрхлэгчээр ажиллаж байв.

Т.Галдан 2001 онд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртсэн юм.)


Холбоотой мэдээ