Орхон аймагт "Ковид-19" халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-03-24 20:15:24
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс 16.50 минутад цахимаар хуралдаж, 17.30 минутад хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Өнөөдрийн 11.30 минутад БОЭТ-д коронавирусний халдвар авсан байж болзошгүй нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тул PCR шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарчээ. Тухайн иргэнийг БОЭТ-ийн Халдвартын тасагт шилжүүлсэн байна. Тэрээр “Баян” худалдааны төв, ”Эрдэнэт” хивс, 20 дугаар сургуулиар зорчсон байсан бөгөөд өөрөө “Энэрэл” төвд ажилладаг юм. Иймд түүний ойрын хавьтал болох 100 гаруй хүнээс PCR, дам хавьтлын 100 хүнээс түргэвчилсэн тестээр шинжилгээ аваад байна.

Засгийн газрын 45 дугаар тогтоолоор ковидын халдвар алаг, цоог байдлаар тархсан бол “Шар” түвшинд үзэх ёстой. Дээрх иргэн Г-ын халдвар авсан голомт нь тодорхойгүй тул тархалттай гэж үзэн “Улбар шар” түвшний хязгаарлалтын дэглэм тогтоож байна. Энэ үед жагсаал, хурим найр, цайллага, цахим болон бусад төрлийн тоглоомын газрын үйл ажиллагааг хязгаарлаж, соёлын төв, кино театр, сургалтын төв нийт суудлын 30 хувиас хэтрүүлэхгүйгээр ажиллаж болох юм. Мөн тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцуулахаар  боллоо.

Орхон аймаг вируслогийн нэг лабораторитой бөгөөд нэмж нэгийг байгуулахаар засварын ажлыг хийж байна. Гурав хоногийн дараа засвар бүрэн дуусвал шинэ лаборатори байгуулахаар төлөвлөж байна.

 

 

 

 

Холбоотой мэдээ