Ж.Байден, В.Зеленский нар утсаар ярьжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-03 09:58:05

КИЕВ. /Укринформ/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярих үеэрээ Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн гишүүнчлэлийн асуудалд Украин урагштай байгааг нь дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. 


Харин Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдэхдээ, Украины НАТО-гийн гишүүнчлэлд ойртохтой холбоотой тодорхой алхмууд нь эвсэлд ашиг тусаа өгнө гэжээ.


Цагаан ордны хэвлэлийн албаны мэдээлснээр, Ерөнхийлөгч Ж.Байден Донбасс, Крым дахь Оросын түрэмгийллийн өмнө Украины бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжихээ мэдэгдэхийн сацуу Украины авлигатай тэмцэх, шинэчлэл хийх чиглэлд АНУ стратегийн түнш байх чиг шугамыг баримтална гэдгээ илэрхийлсэн байна.


Талууд мөн цар тахлыг тогтоон барих, бүс нутагт ардчиллын тогтолцоог бэхжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахын ач холбогдлыг хэлэлцэв.


Эх сурвалжуудын мэдээлснээр, утсаар ярих үеэрээ Ж.Байден Украинд айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Украины нөхцөл байдалд анхаарал хандуулна гэдгээ мэдэгдсэн байна.


Ж.Байден нэгдүгээр сарын 20-нд ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш анх удаа ийнхүү В.Зеленскийтэй утсаар ярьлаа хэмээн Украины төрийн тэргүүний хэвлэлийн албаны мэдээлжээ. Хоёр улсын удирдагчдын яриа 30-40 минут үргэлжилсэн байна. 

Холбоотой мэдээ