Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиг шугамыг баримтлахаа мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-03 11:01:12

ВАШИНГТОН. /TASS/. АНУ, БНСУ, Японы Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслахууд уулзалт хийснийхээ дараа Солонгосын хойгийн цөмийн зэвсгээс ангижруулах чиг шугамыг баримтлахаа мэдэгджээ.


Уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Жейк Салливан, БНСУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны үндэсний аюулгүй байдлын газрын дарга Со Хун, Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Сигэрү Китамуро нар оролцсон байна. 


“Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслахууд Умард Солонгосын цөмийн хөтөлбөр болон баллистик пуужин хөгжүүлэх хөтөлбөрийн асуудлаар санаа зовниж буйгаа илэрхийлэхийн сацуу Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилгоор гурван талт хамтын ажиллагаагаа уялдуулан зохицуулж, эдгээр асуудлыг авч хэлэлцэх, шийдвэрлэх чиг шугамыг баримтлахаа мэдэгдэв” хэмээн Цагаан ордны мэдэгдэлд дурдав.


Талууд мөн БНАСАУ-д чиглэсэн АНУ-ын бодлогын асуудлаар зөвлөлдөж, Энэтхэг Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал зэрэг нийтлэг ашиг сонирхлоо илэрхийлсэн асуудлуудыг хэлэлцжээ. Аюулгүй байдлын салбарт нийтлэг зорилгодоо хүрэхэд хамтын хүчин чармайлт гаргахаа тэд мэдэгдэв.


Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зохих тогтоолыг цогцоор нь хэрэгжүүлэх, үй олноор нь хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлэх, Солонгосын хойгт энх тайван тогтоох, тогтвортой байдлыг хангах зорилгоор хамтран ажиллах зайлшгүй шаардлагатайг санал нэгтэй цохон тэмдэглэжээ. 


Сингапурт 2018 оны 6 дугаар сард АНУ, БНАСАУ-ын анхны түүхэн дээд хэмжээний уулзалт болж, талууд хамтарсан баримт бичгийг баталсан. Тухайн үед АНУ аюулгүй байдлын баталгаа олгож байгаагийн хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүргийг Пёньян өөртөө хүлээсэн юм.


Ханой хотод 2019 оны 2 дугаар сард хоёр дахь дээд хэмжээний уулзалт болсон. Тус уулзалтын үеэр Д.Трамп, Ким Жөн Ун нар тохиролцоонд хүрч чадаагүй бөгөөд хамтарсан баримт бичигт гарын үсэг зураагүй юм.


Д.Трамп, Ким Жөн Ун нарын гурав дахь уулзалт 2019 оны 6 дугаар сарын 30-нд хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсэд болсон. Үүнээс гадна АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчид 2019 оны 10 дугаар сарын 5-нд Шведэд ажлын түвшинд уулзсан хэдий ч яриа хэлэлцээ үр дүнгүй өндөрлөсөн билээ.

Холбоотой мэдээ