Коронавирусний халдварын тохиолдол 271-ээр нэмэгдлээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
oyundelger@montsame.gov.mn
2021-04-03 10:59:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр 271 хүний сорьцод коронавируст халдвар илэрлээ.


"Программын шинэчлэл хийж байгаатай холбоотой халдвар илэрсэн тохиолдлын тоог өглөөний 9.00 цагаар тасалбар болгож байсныг шөнийн 00 цаг болгосон. Урд шөнө 00 цагаас хойш "эерэг" гарсан шинжилгээний тоо 271-д ороогүй тул халдварын тохиолдол багассан мэт ч нөхцөл байдал амаргүй байгаа"-г ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа онцоллоо. 


Шинээр халдварласан 271 тохиолдлын 237 нь нийслэлд, 39 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 9598, үүнээс орон нутагт 1170 байгаа юм.


Тодруулбал, Булган аймагт коронавируст халдварын 7, Дорноговь аймагт нэг, Орхон аймагт 2, Өвөрхангай аймагт 4, Сэлэнгэ аймагт 12, Ховд аймагт 11, Хөвсгөл аймагт 2 тохиолдол нэмэгдлээ. Өнгөрсөн хугацаанд 5379 хүн эдгэрсэн бол сүүлийн 24 цагт 163 хүн эрүүл болж, эмнэлгээс гарчээ.


ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, ЗӨСҮТ, Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж буй явуулын лаборатори, НЭМҮТ, Улсын нэгдсэн төв эмнэлэг, дүүрэг, аймгийн нийт 22 лабораторид  17 537 хүнд шинжилгээ хийсэн байна.


ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эрүүл мэндийн хоёрдугаар төв, Сүхбаатар, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Увс, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Орхон, Хэнтий, Булган, Говьсүмбэр, Сэлэнгэ, Ховд, Завхан, Сүхбаатар аймагт 1987 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 1718, хүндэвтэр 226, хүнд 36, нэн хүнд 7 хүн бий. Өчигдөр 54 настай эрэгтэй нас барснаар манай улсад коронавирусний шалтгаант нас баралтын тоо 11 боллоо.


 

Холбоотой мэдээ