Мексиктэй залгаа хилд саатуулагдсан цагаачдын тоо нэмэгдсээр байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-03 11:53:06

ВАШИНГТОН. /The Washington Post/. АНУ-ын Хил, гаалийн хяналтын алба өнгөрсөн сард Мексиктэй залгаа хилд нийт 171 мянга гаруй дүрвэгчийг саатуулсан нь 2016 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Гуравдугаар сард Мексиктэй залгаа хилд насанд хүрээгүй 18 мянга гаруй хүүхэд саатуулагдсан нь өмнөх сарын үзүүлэлтээс 99 хувиар өсжээ. Түүнчлэн 53 мянга гаруй хүн гэр бүлээ дагуулан америкийн хилийг хууль бусаар давахыг оролдсон байна.

Мексикээс хууль бусаар хил давахыг завдаж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаатай холбоотойгоор сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа хатуухан шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тухайлбал, АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн засаг захиргаа хууль бус цагаачлалд хэтэрхий зөөлөн бодлого баримталсны улмаас ийнхүү өсөж байна гэж сөрөг хүчнийхэн мэдэгдээд байгаа аж. Түүнчлэн насанд хүрээгүй хууль бус цагаачдыг голдуу хүүхдэд тохиромжгүй нөхцөлд байлгаж байгааг нь эрх баригчид шүүмжилжээ.

Латин Америкийн орнуудаас сүүлийн 20 жилд байгаагүй их хууль бус цагаачид давлагаалан орж ирэхэд бэлтгэлтэй байхыг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Алехандро Майоркас өмнө нь анхааруулсан юм.

Холбоотой мэдээ