Аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-04-04 11:20:04

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Сонгуулийн хуулийн дагуу аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн саналаар 9 хүний бүрэлдэхүүнтэй аймгийн сонгуулийн хороог байгуулсан байна.

Энэхүү асуудлаар аймгийн УБХ-ийн дарга Б.Саранчимэгээс тодрууллаа. Тэрээр: “Сонгуулийн хуулийн дагуу 4-р сарын 1-ний өдөр бүх сонгогчийн нэрсийг цахим хэлбэрээр аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлнэ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт сонгогчдын нэрсийн жагсаалт цахим хэлбэрээр бэлэн болж байгаа гэсэн үг. Сэлэнгэ аймгийн хувьд нийтдээ 56 хэсгийн хороод ажиллана. Энэ 56 хороодын нэрсийн зоолтыг Улсын бүртгэлийн иргэдийн мэдээллийн санд хийсэн байгаа. Бид энэхүү зоолт хийсэн тогтоолоо аймгийн сонгуулийн хороонд хуулийн дагуу 4-р сарын 1-ний өдөр хүргүүлсэн. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлог нь сонгогч шилжих боломжийг хуульчилж өгсөн. Учир нь Монгол Улс нэг тойрог учраас бусад хэсгийн хороодод сонгогч шилжих эрх олгосон байгаа. Өмнө нь орон нутгийн сонгуулиар сонгогч шилжих боломжгүй байсан. Мөн 4-р сарын 9-ний өдрийн 12.00 цагаар иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно. Үүнийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын тушаалаар зогсоодог. Мөн УБХ нь 4-р сарын 1-нээс хойш өөрийнхөө төлөвлөгөөт ажлуудаа хийгээд явдаг. Тухайлбал сонгогчийн нэрсийн жагсаалтыг хэсгийн хороодод хүргүүлэх, үйлдэх ажлуудыг аймгийн Сонгуулийн хороотойгоо хамтраад хийгээд явдаг” хэмээн ярилаа.   

Холбоотой мэдээ