Олимпын аварга Н.Түвшинбаярын гэмтлийн зэргийг тогтооно

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-05 12:31:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүний эрүүл мэндэд санаатай хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй үндэслэлээр Олимпын аварга Н.Түвшинбаярыг урьд шөнө цагдан хорьсон тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү өнөөдөр мэдээлэв. 


Тэрбээр, “Холбогдох гэрчүүдээс тайлбар, мэдүүлэг авсан. Хохирогч Э.Энхбат одоо ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Уг хэрэгт холбогдуулан сэжигтэн Н.Түвшинбаяраас өмгөөлөгчийг нь байлцуулан тайлбар авсан. Тухайн хохирогчийн эмчлүүлэх хүсэлтийг цагдаагийн байгууллага хангаж өгсөн. Гэхдээ Н.Түвшинбаярыг хэрэгт холбогдуулан баривчилж, 461 дүгээр ангид цагдан хорьсон” хэмээв. 


Хэрэгт сэжиглэж буй Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн 11.1-т зааснаар, Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн байна. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буйг мэдээлэв. 


Мөн сэжигтэн Н.Түвшинбаярын гэмтлийн зэргийг тогтоохоор цагдаагийн байгууллагаас шүүх эмнэлэгт албан бичиг хүргүүлжээ. 


Ташрамд дурдахад, өнгөрсөн баасан гарагт олимпын аварга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан тухай мэдээллийг хохирогчийн эхнэр цахим орчинд тараасан. Харин хэрэг гарсны дараахан Н.Түвшинбаяр бэртсэн гэх шалтгаанаар Интермэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдээлэл гарсан юм.


Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт, "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Холбоотой мэдээ