Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулав

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-04-06 13:31:45
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ-ын шийдвэрээр тус сумын Хүүхэд хамгааллын хамтарсан багийг шинэчлэн зохион байгуулж, багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг энэ сарын 5-нд зохион байгууллаа.

Тус сургалтыг сумын ЗДТГ, ГБХЗХГ-аас хамтран зохион байгуулж, хүүхэд хамгаалал, гэр бүлийн тухай хууль, хамтарсан багийн үйл ажиллагаа, санхүүжилтийн талаар танилцуулж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тодорхойлж, төлөвлөсөн байна.

Хамтарсан баг 35 гишүүнтэй, сумын Засаг дарга багийг удирддаг. Хүүхэд хамгааллын хамтарсан баг нь хүүхдийг гэр бүлийн болон бусад хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн үйлдлийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд анхаарал, халамж тавих, хүчирхийллийн нөхцөл байдлыг бууруулах чиглэлээр ажилладаг.  

Тус сумын хэмжээнд 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхдийн тусламжийн 108 утсанд зургаа, биетээр гурван дуудлага хүлээн авчээ.  

Энэ талаар Сайнцагаан сумын ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн О.Уранзаяагаас тодруулахад “Дээрх дуудлагуудын хувьд хүүхэд үл хайхрах болон бие махбодын хүчирхийлэлд өртсөн байсан бөгөөд насны байдлаар нь авч үзвэл таван сартайгаас 17 хүртэлх насны 16 хүүхэд, 26 настай нэг эмэгтэй  хохирсон байна.

Хүүхдийн цахим хэрэглээний талаар 108 утсанд хоёр дуудлага ирсэн. Ирсэн дуудлагын зургаад нь ажиллагаа явуулан хааж, гурав дээр нь хамтарсан багаар ажиллаж байна” гэлээ. 

Холбоотой мэдээ