“Эх оронч худалдан авалт-2021” үзэсгэлэн оюуны өмчийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-04-07 10:33:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2021” үзэсгэлэнг ХХААХҮЯ, Төрийн худалдан авах ажиллагааны газар МҮХАҮТ, “Экспорт олон улсын худалдааны төв ТББ хамтран цахимаар зохион байгуулж байна.

Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор сарын хугацаанд үргэлжлэх үзэсгэлэн семинараар өнөөдөр оюуны өмчийн талаар танилцуулна. Тодруулбал, “Шинэ бүтээл, ашигтай загвар”, “Бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай ойлголт”, “Зохиогчийн эрх” сэдвээр Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн шинжээч Б.Номиндарь мэдээлэл өгөх юм.

Уламжлалт үзэсгэлэнд үндэсний үйлдвэр эрхлэгчид нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагууд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүний мэдээллээ солилцон оролцож байна.

Өнөөдрийн байдлаар цахим үзэсгэлэнд төрийн 32 байгууллага худалдан авах бараа материалын мэдээллээр, 150 гаруй  ААН, иргэн ноос, ноолуур, арьс шир, савхин болон үслэг эдлэл, мод модон эдлэл, гоёл чимэглэл, мах, сүүн бүтээгдэхүүн, гоо сайхан, эм био бэлдмэл, зам, барилгын материал зэрэг бараа бүтээгдэхүүнээр оролцож байна. Үзэсгэлэнг үзэж сонирхох болон үзэсгэлэнд оролцох хувьхүн, ААН, бизнес эрхлэгчдийг  https://www.expomongolia.org/tenderexpo/register  линкээр холбогдохыг урьжээ.

 

Холбоотой мэдээ