Дөрвөлжин суманд сүүлийн дөрвөн жил тэмээ өсжээ

Орон нутагт | Завхан
emunkherdene@gmail.com
2021-04-07 15:36:10

Завхан/МОНЦАМЭ/. Дөрвөлжин сумын нутаг Хомын талд тахь сэргээн нутагшуулж буй төслийн багийнхан уугуул нутгийн иргэдийн тэмээн сүргийг өсгөн үржүүлэхэд анхаарч байна. Дөрвөлжин сум тэмээн сүргийн тоо толгойгоор аймагтаа хамгийн олон нь. 

Тус сумын тэмээн сүрэг сүүлийн дөрвөн жил дараалан өсжээ. Тухайлбал 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор 2216 тэмээ тоолуулж байсан бол 2019 онд 2362, 2020 онд 2395 тэмээ тоолуулжээ. Тус сумын Хомын талд байрших Тавантолгой, Онц багт тэмээн сүргийн тоо толгой өссөн байна.

Өдгөө зэрлэг адуу буюу тахь нутагшуулж байгаа газар нь хоёр бөхтэй тэмээ зонхилон нутагшсан бүс нутаг юм. Тэмээ өвс, усгүйгээр удаан байж өл даах чадвар сайтай, хатуу ширүүн өвлийн цаг агаарт дасан зохицон амьдрах  чадвартай. Түүнчлэн бэлчээрлэн явахдаа хол зайг туулан өвс тэжээлээ олж иддэг нь бэлчээрийн талбайг бага сүйтгэдэг байна. Сүү нь илчлэг тэжээллэг, идшинд хэрэглэхэд мах ихтэй ба тансаг хэрэглээний ноостой ажээ. Дулаан ба торгомсог зөөлөн чанараараа нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн торомны ноос нь тансаг хэрэглээнд тооцогддог ба гадаад улс оронд өндөр үнээр борлуулагддаг. Ийм учраас торомны ноос нь Хомын талын ирээдүй юм. Тиймээс Европын холбооноос олгосон хандивын ачаар бид уугуул нутгийн малчин эмэгтэйчүүдийн "Эвсэг эмэгтэйчүүд" ТББ-ын гишүүдэд ингэ худалдан авч өгч Хомын талын тэмээн сүргийг нэлээд хэмжээгээр өсгөх боломжийг бүрдүүлсэн гэж "Хомын талын тахь" ТББ-аас мэдээлэв.

Ташрамд тус төрийн бус байгууллага бага хэмжээгээр торомны ноосыг гадаадад гаргах худалдаа эрхэлж буйн зэрэгцээ тэмээнд тулгуурласан эдийн засгийн сонирхолтой үйл ажиллагааг хөгжүүлэхээр шинэ санаа, боломжит ажлуудыг хийж байна. 

Холбоотой мэдээ