“Хүүхдийн төлөө сан” байгуулах эрх зүйн орчин бүрдүүлэв

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-08 20:11:32
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталлаа.


Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулав.


Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгг бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Төсвийн байнгын хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ.


Тус Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх заалтад заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэн хуралдаанаараа хэлэлцсэн гэв. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсзн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь дэмжжээ.


Г.Амартүвшин гишүүний танилцуулсан Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тодруулга хийсэн. Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад УИХ-ын 42 гишүүн дэмжин баталлаа.


Ингэснээр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих “Хүүхдийн төлөө сан” байгуулах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авто тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай  хуулиудын төслийг батлахыг гишүүд дэмжсэн. Үүгээр УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ