Иргэн бүрд 300 мянган төгрөг ба хатуу хөл хорио

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2021-04-09 13:36:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар 15 хоногийн хатуу хөл хорио тогтоох шийдэлд хүрчээ. Энэ шийвэр маргааш (2021-4-10)-наас хэрэгжиж эхэлнэ. Харин үүнийгээ “Вакцинжуулалтыг идэвхжүүлэх, үр дүнг нь өндөр байлгах үүднээс ийм арга хэмжээ авах болсон” гэж Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ тайлбарлажээ. Вакцинжуулалтын эхний тунгаа хийлгэсэн 700 орчим иргэн ковид-19-ийн халдвар авчээ. Түүнийг таслан зогсоох цаашид үр дүнд хүргэхэд  дээрх арга хэмжээг авах нь зөв хэмээн эрдэмтдийн баг зөвлөсөн юм байна. Тэр дагуу уг арга хэмжээг авахаар болжээ.


Хатуу хөл хорио тогтоох бүрд сөхөгддөг сэдэв нь иргэнд нөхөн төлбөр олгох тухай байдаг. Энэ удаад ч ийм зүйл  дахин сөхөгдсөн. Тэрхүү нөхөн олговрыг Засгийн газар энэ удаа олгохоор шийдвэрлэжээ. Ингэснээр иргэн бүрд 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгоно. Иргэдэд олгох нөхөн олговрын эх үүсвэр нь “Оюутолгой” компанид хуримтлагдсан татварын өр. Тэд хуулиар ногдуулсан татвараа төлөөгүй уджээ. Гэхдээ Монгол Улсын Засгийн газрын дансанд 2021 оны 3 дугаар сарын 30-ны байдлаар 3 удаагийн үйлдлээр 1 их наяд 26.5 тэрбум төгрөг  тус компани шилжүүлээд байна.  Удаа дараа шавдуулж нэлээд ажил болсны үр дүнд тэд төлөх ёстой татварын өрөө төлөв бололтой.


Ерөнхий сайд асан У. Хүрэлсүхийн тэргүүлж байсан Засгийн газраас эхлэн татварын өр барагдуулах ажил эхэлсэн. Түүний үр дүнд орж ирж байгаа нь энэ юм байна.  “Оюутолгой”-н хэлэлцээр маргаан олон улсын арбиторын шүүх дээр хянагдаж байгаа аж.  Монгол Улсын Засгийн газрын талд  шийдвэр гарах магадлал өндөр байгаа гэж Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.


Хуримтлагдсан татварын өр авлагыг бас байгалийн баялаг гэж ойлгох боломжтой. Тухайн цаг үедээ энэ татвар төлөгдөж байсан бол “баялгийн сан”-д хуримтлагдах байсан болов уу? Энэ ойлголтын хүрээнд орж ирсэн мөнгөн хөрөнгийг иргэдэд баялгийн өгөөж болгон хүргэж байгаа тухай Сангийн сайд Б. Жавхлан нийтэд өгөх мэдээллийнхээ хүрээнд онцолж байв. Байгалийн баялгийг дагаж орж ирж байгаа  мөнгөн хөрөнгийг 3 сая 370 мянган иргэн хүртэнэ. Иргэн тус бүрд 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгоход  нэг их наяд 11 тэрбум төгрөг  зарцуулна гаж Сангийн сайд Б. Жавхлан хэлжээ.


Иргэдийн дансанд мөнгийг шилжүүлж эхлээд байгаа. Ингэхдээ 18 хүртэлх насныханыг хүүхдийн мөнгө авдаг дансанд нь, ахмадуудад тэтгэврийнх нь дансанд  бусад иргэдийнхийг “Эрдэнэс таван толгой”-н хувьцааны ашиг хүртдэг дансанд нь хийхээр болжээ. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд 7-10 хоног зарцуулна гэж урьдчилсан байдлаар тооцсон байна. Гэхдээ хүүхдийн мөнгө, ахмадуудын тэтгэвэр буухад ямар нэг онцгой хүндрэл гардаггүй. Энэ байр сууринаас авч үзвэл 300 мянган төгрөг түүнээс ч бага хугацаанд иргэн бүрийн гар дээр нь очих өндөр  магадлалтай. Иргэн бүрд  мөнгөн дэмжлэг үзүүлж байгаа үйлдэл нь өрх тусгаарлаж амжаагүй, эцэг эхтэйгээ хамт амьдардаг  залууст “өөрийн мэдлийн мөнгөтэй болж байгаа сайн үзүүлэлт” гэж  24 настай Чингэлтэй дүүргийн иргэн С. Мягмарсүрэн хэлж байна. Тэр үнэн биз. Хэрэв гэр бүл, өрхөд олгоно гэсэн бол аав ээж нь аваад гар дээрээ мөнгөгүй хоцрох залуус олон байх байжээ. Энэ ойлголтын хүрээнд нөхөн олговрыг авч үзвэл ямар нэг хий хоосон орон зай гарах магадлал маш бага байгаа юм биш үү.


Уул уурхайд хөрөнгө мөнгө шаардлагатай нь үнэн. Баялаг түүнээс илүү үнэ цэнтэй болох нь одоо л ажиглагдаж эхлэв гэлтэй. Тийм учраас хуулиар ногдуулсан татварыг төлөхгүйгээр “Оюутолгой” компани цаашид Засгийн газартай хамтран ажиллах боломжгүй болно гэдгээ ойлгож, мэдэрсэн нь энэ болов уу.


Гадаадын том хөрөнгө оруулагчтай хамтран ажиллаж, өр авлагыг барагдуулж болдог гэдгийг энэ удаагийн Монгол Улсын Засгийн газар, “Оюутолгой” компанийн хамтын ажиллагаа харуулав бололтой. Иргэн бүрд 300 мянган төгрөг, түүн дээр хатуу хөл хорио үр дүнгээ өгөх биз ээ.

Холбоотой мэдээ