Павит Рамачандран: Цахим шилжилт нь цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн мөчлөгт туйлын чухал

Монголын мэдээ | Ярилцлага
ariunbold@montsame.mn
2021-04-09 17:49:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс Азийн хөгжлийн банк (АХБ)-ны гишүүнээр элссэний 30 жилийн ой энэ онд тохиож байна. Уг ойг тохиолдуулан АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандрантай ярилцлаа.


-Монгол Улс АХБ-ны гишүүнээр элссэнээс хойш 30 жил болжээ. Ойн хүрээнд, АХБ-аас ямар ажлууд зохион байгуулж байна вэ?


-Сайн байна уу. Ярилцлагадаа урьсанд маш их баярлалаа. Тийм ээ, энэ жил Монгол Улс АХБ-ны гишүүнээр элссэний 30 жилийн ой тохиож байна. АХБ-ны хувьд сүүлийн 30 жилд Монгол Улсад өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлтийг дэмжиж, итгэлтэй түнш нь байж ирсэндээ баяртай байдаг. Энэхүү тэмдэглэлт ой бидэнд 30 жилийн хамтын ажиллагааны түүхээ эргэн харж, ололт амжилтаа бататган, хуримтлуулсан туршлага, сургамжаа хуваалцан, өнөөгийн хөгжлийн сорилтуудыг үнэлэхийн зэрэгцээ цаашдын түншлэлийн зорилгоо тодорхойлох боломжийг олгож байгаа юм. 


Ойн ажлын хүрээнд бид Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, оюутан залуус, хэвлэл мэдээллийн байгууллагууд зэрэг бүх хамтрагч талуудаа оролцуулан хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагаа тодорхойлох ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнд, бүсчилсэн уулзалт-семинар, үндэсний хэмжээний тэмцээн уралдаан, өндөр түвшний хэлэлцүүлэг, хүндэтгэлийн ёслол зэргийг дурдаж болно. 


Одоо зарласан байгаа Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан болон оюутнуудын видео илтгэлийн уралдаан нь энэхүү цувралын эхний ажил юм. Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжих хүчин чармайлтаа бид эдгээр үйл ажиллагаагаар дамжуулан бататгах болно.


-АХБ-наас Монгол Улсын өөрчлөлт, шинэчлэлийг дэмжиж, хөдөө аж ахуй, боловсрол, эрчим хүч, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал гээд бүхий л салбарт нийт 3.3 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж, зээл олгосон. Эдгээрээс ач холбогдлын хувьд хамгийн томд тооцогдох нь аль төсөл гэж та үзэж байна вэ, яагаад?


-Таны хэлсэнчлэн, АХБ-наас өнөөг хүртэл нийт 3.3 тэрбум долларын санхүүжилтийг олгоод байна. Үүнд хөдөө аж ахуй, зам тээвэр, хот, хөдөөгийн хөгжил, аж үйлдвэр, худалдаа, боловсрол, эрчим хүч, санхүү, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, мэдээлэл харилцаа холбооны технологи зэрэг олон салбарт олгосон зээл, буцалтгүй тусламж болон техникийн туслалцааны төсөл хөтөлбөрүүд багтаж буй юм. 


Монгол Улсад ажилласан хугацаандаа бид олон салбарыг дэмжиж, үйл ажиллагаагаа өргөжүүлж чадсан. Аливаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улс орны хөгжилд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх, бүтцийн хязгаарлалтыг багасгах, иргэдийн амьдралыг сайжруулахад анхаардаг. Тиймээс ач холбогдлын хувьд хамгийн үр нөлөөтэй байсан гэж аль нэг төслийг онцлоход хэцүү юм. Гэхдээ би танд Монгол Улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан төслүүдээс жишээ татаж ярья.


Авто зам, иргэний нисэх, төмөр зам, ложистик, хот суурин газрын тээврийн хөгжлийг хамрах зам тээврийн салбарт өнөөдрийн байдлаар хамгийн их санхүүжилт олгосон. Энэ салбарт хэрэгжүүлсэн төслүүдээс Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын төслийг дурдаж болно. Энэ төслийн хүрээнд Ховд, Баян-Өлгий аймгийн төвүүдээр дайрч, ОХУ-ыг БНХАУ-тай холбосон баруун бүсийн коридорын дагуух 420 км орчим авто замыг барьсан. Энэхүү коридорыг авто замаар холбосноор Монгол Улсын алслагдсан хөдөө орон нутагт эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийг авчирч байна. Бодончийн хавцлын 110.8 км авто замын ажил дууссаны хүчинд түүгээр зорчих хугацаа 4-5 дахин буурсан. Энэ нь Монгол Улсын хөрш орнуудтайгаа хийх худалдааг хөнгөвчилж, хамтын ажиллагааг бэхжүүлж, иргэдийн аж амьдралыг сайжруулж байна.


Мөн хот байгуулалтын салбарыг онцолмоор байна. 1997 оноос хойш бид Монгол Улсын Засгийн газартай хамтран хотын захиргааны үйлчилгээний хамрах хүрээг өргөжүүлэх, түүний чанар, найдвартай байдлыг сайжруулах шийдлүүдийг эрэлхийлж, санхүүжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн.

Өнгөрсөн жил бид хотын үйлчилгээг сайжруулж, гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн гурав дахь ээлжийн санхүүжилт болох 43.65 сая ам.долларыг баталсан. 320 сая ам.долларын нийт хөрөнгө оруулалт бүхий тус хөтөлбөрийн 163.7 сая ам.долларыг АХБ-наас санхүүжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд зургаан дэд төвийг хөгжүүлснээр 840 мянган иргэн шууд өгөөж хүртэх юм.

Зам, үерийн далан, цахилгааны шугам, цэвэр, бохир усны шугам зэрэг үндсэн дэд бүтцийг барьж байгуулахын зэрэгцээ сургууль, эрүүл мэндийн төв, нийтийн эзэмшлийн талбай зэрэг нийгмийн байгууламжуудыг барьж, орон сууцны нөхцөл, эдийн засаг болон нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулна.


Өнгөрсөн сард Уур амьсгалын ногоон сангаас АХБ-ны 560 сая ам.долларын санхүүжилттэй “Аймаг, сумын бүсчилсэн, ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т нэмэлт эх үүсвэр болох 175 сая ам. долларын санхүүжилтийг баталсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нутаг дэвсгэрийн ногоон хөгжил, хот-хөдөөг холбон хөгжүүлэх загварыг бий болгож, улмаар аймаг, сумын төвийг тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, нүүрстөрөгчийг ихээр шингээх чадвартай бэлчээрийн менежментийг дэмжих хөдөө аж ахуйн ногоон бизнесийн төв болгохоор зорьж байна. 


Миний дурдах сүүлийн төсөл нь 9 жил хэрэгжээд энэ жил дуусаж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил-5” төсөл юм. Энэ төслийн хүрээнд олон улсад магадлан итгэмжлэгдсэн цус сэлбэлт судлалын үндэсний төвийг байгуулж, үндэсний хэмжээнд цусны аюулгүй байдлын стандартыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Энэ хүрээнд цус, цусан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайжруулж, 21 аймагт 26 цусны салбар төвийг байгуулсан. Мөн төслөөр улсын хэмжээнд 27 эмнэлгийн ариутгалын тасаг, 19 эмнэлгийн микробиологийн лабораторийг бүрэн шинэчилж, эмнэлгийн эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулахын зэрэгцээ эмнэлгийн хог хаягдлын зохицуулалтыг бэхжүүлээд байна.


-Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг бэхжүүлж, цар тахлын эсрэг тэмцэхэд зориулж 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор баталлаа. Ер нь, АХБ сүүлийн үед эрүүл мэндийн төсөл хөтөлбөрт илүү төвлөрч байх шиг, аль эсвэл бид цар тахлын мэдээлэлд түлхүү ач холбогдол өгч байгаагаас ингэж хараад байна уу?


-Иргэдэд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь АХБ-ны Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тууштай зорилт байсаар ирсэн. АХБ нь 1993 оноос хойш Монгол Улсад эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэхэд туслалцаа үзүүлж ирсэн хамгийн том олон талт хөгжлийн түншүүдийн нэг юм. Бид эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний шинэчлэл, эмнэлгийн салбарын шинэчлэл, салбарын засаглал, эм, эмийн бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааны шинэчлэл, эрүүл мэндийн даатгалын нэвтрүүлэлт, эрүүл мэндийн дэд бүтэц, хүний нөөцийн хөгжил зэргийг хамруулан эрүүл мэндийн тогтолцоог цогцоор нь шинэчлэх, бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.


Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа хэрэгжүүлсэн туршлага дээрээ тулгуурлан бид Монгол Улсад КОВИД-19-ийн сөрөг нөлөөллийг бууруулах яаралтай, цогц тусламжийг үзүүлж чадсан.  Энэхүү цогц дэмжлэгийн хүрээнд бид эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, КОВИД-19 болон цаашид тохиох хямралын эсрэг хариу арга хэмжээ авах Монгол Улсын бэлэн байдлыг сайжруулах 100 сая ам.долларын зээл баталсан. Тус төсөл нь шинэчлэлийн дөрвөн чиглэлд төвлөрөх болно. Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарын төлөвлөлт, бэлэн байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ нэн шаардлагатай эм, яаралтай тусламжийн хангамжийг бий болгох. Хоёрдугаарт, дотоодын эмийн зохицуулалтыг сайжруулах, эмнэлгийн бие даасан байдал, сайн засаглалыг бэхжүүлэх. Гуравдугаарт, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарын худалдан авалтыг сайжруулах, эрүүл мэндийн үйлчилгээний худалдан авалтыг төвлөрүүлэх. Эцэст нь, ойрын 3-5 жилийн хугацаанд улсын төсвийн тогтвортой байдлыг хамгаалах зэрэг чиглэлд төвлөрнө.


Энэхүү зээл батлагдсанаар АХБ-наас КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж олгосон нийт тусламж 349.7 сая ам.долларт хүрч байна.


-АХБ Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах стратегиа дөрвөн жил тутамд шинэчлэн баталдаг. 2021-2024 оны стратеги хэрэгжиж эхлэх үед энэхүү ой тохиож байна. Ирэх дөрвөн жилийн төлөвлөгөөнд ямар ажил тусгасан бэ. Цар тахлын энэ үе болон цар тахлын дараах чиг хандлагатай уялдуулна гэж ойлгож болох уу?   


-Мэдээж тийм. АХБ-наас 2021-2024 онд Монгол Улсад хэрэгжүүлэх түншлэлийн стратеги нь АХБ-ны Стратеги 2030, Монгол Улсын "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, 2021-2024 онд хэрэгжих Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бодлогын тэргүүлэх чиглэлтэй нягт уялдаж байгаа.

Цар тахлын дараа Монгол Улсын эдийн засгийг сэргээх, эрсдэл даах чадварыг сайжруулах зорилгоор бид Засгийн газар болон хувийн хэвшилд зээл олгох, техник туслалцаа, буцалтгүй тусламж үзүүлэх зэргээр багц дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. 


Шинэ стратеги нь гурван үндсэн чиглэлтэй байна. Нэгдүгээрт, эдийн засгийн боломжууд, нийгмийн хүртээмжтэй хөгжлийг дэмжих зорилготой. Энэ хүрээнд вакцинжуулалт зэрэг КОВИД-19-ийн эсрэг хариу арга хэмжээнд үзүүлэх дэмжлэгийг үргэлжлүүлэхээс гадна эрүүл мэнд, боловсрол, ур чадварыг хөгжүүлэх, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, ажлын байр бий болгох, хувийн хэвшлийн үйл ажиллагааг өргөжүүлэх замаар хүний хөгжлийг тасралтгүй, илүү өргөн хүрээнд дэмжихээр төлөвлөж байна.


Хоёрдугаарт, хот байгуулалт, хот суурин болон орон нутаг хоорондын дэд бүтэц, тээвэр, ложистик, мэдээлэл, харилцаа холбооны технологи, сэргээгдэх эрчим хүч, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих зэргээр Монгол Улсын дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулж, эдийн засгийн өрсөлдөх чадвар, бүтцийн төрөлжилтийг дэмжихэд бэлэн байна.


Гуравдугаарт, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, дотоод нөөц боломжийг илүү дайчлах, байгаль орчны менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг сайжруулах, хүрээлэн буй орчинд ээлтэй ногоон төсөл, бүтээн байгуулалтыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага өндөр хэвээр байгаа тул тогтвортой өсөлт, ногоон хөгжлийн төлөөх Монгол Улсын чадавхыг сайжруулах нь чухал гэж үзэж, үүнийг стратегийн гурав дахь тулгуур чиглэл гэж тодорхойлсон. 


Түүнчлэн, АХБ-ны түншлэлийн стратеги нь цахим шилжилт, хувийн хэвшлийн хөгжил-оролцоо, институцийн чадавх ба хөгжил, жендэрийн эрх тэгш байдал, иргэний нийгмийн оролцоо зэрэг хэд хэдэн тэргүүлэх чиглэлийг мөн хамрах юм.


-Хүссэн хүсээгүй энэ цар тахал дэлхий дахинд олон сургамж өглөө. 2009 оны санхүүгийн хямралаас гурав дахин их хүндрэл учруулж буй энэ цар тахлын дараа эдийн засаг унасан шигээ огцом сэргэнэ гэсэн өөдрөг төсөөлөл ч байна. Харин АХБ-наас цар тахлын дараах үеийг хэрхэн төсөөлж байна вэ?


-АХБ-наас Азийн хөгжлийн төлөв эдийн засгийн төсөөлөл, судалгааны тайланг жил бүр эрхлэн гаргадаг. Бид 2020 оны тайлангийн нэмэлт тооцоонд Монгол Улсын ДНБ-ийг 2020 онд 5.3 хувиар агшина гэж төсөөлсөн нь бодит гүйцэтгэлтэй ижил гарсан. Эдийн засгийн энэхүү огцом агшилт нь бусад байгууллагын төсөөлөлтэй ч нийцтэй байсан.

Бидний үзэж байгаагаар, Монголын эдийн засаг 2021 онд огцом бус, харин алгуур сэргэх төлөвтэй байгаа ба эдийн засгийн шинэчилсэн төсөөллийг бид Азийн Хөгжлийн Төлөв 2021 тайланг 4 дүгээр сарын 28-нд нийтийн хүртээл болгох үеэр танилцуулах юм.

Энэ онд эдийн засгийн өсөлтийг дэмжих гол хүчин зүйлс нь бүс нутгийн болон БНХАУ-ын эдийн засаг сэргэх эерэг хүлээлт, эрдэс түүхий эдийн үнийн өсөлт, Монгол Улсын экспортын сэргэлт байхаар байна. Гэвч нийтийн эрүүл мэндэд учирч буй эрсдэлийг хэрхэн үр дүнтэй бууруулах, КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлж чадах эсэхээс 2021 оны эдийн засгийн төлөв байдал, сэргэх цаг хугацаа бүрэн хамаарч байна.

Харин 2022 оны төлвийг илүү өөдрөг байх боломжтой гэж бид үзэж байна. Учир нь вакцинжуулалт 2021 онд дууссанаар КОВИД-19 цар тахлын эрсдэл мэдэгдэхүйц буурах, үүнтэй уялдан 2022 онд дотоод эрэлт, хөрөнгө оруулалт, зээлийн өсөлт нэмэгдэх эерэг хүлээлттэй буюу Монголын эдийн засаг дунд хугацаанд сэргэнэ гэсэн төсөөлөлтэй байгаа. Гэхдээ энэхүү төсөөллийг бууруулах эрсдэлүүд байгааг бас анхаарах шаардлагатай. Тухайлбал, КОВИД-19-тэй холбоотой эрсдэл буурахгүй байх, хөрөнгө оруулалтын орчин муудах, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн асуудлууд ужгирах, санхүүгийн салбарын эрсдэл нэмэгдэх зэрэг эрсдэлийг дурдаж болно. Хэдийгээр бидний суурь төсөөллөөр эдийн засаг ойрын жилүүдэд өсөхөөр байгаа ч, эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, улмаар өсөлтийн хүртээмж, чанарыг сайжруулах нь хамгийн чухал сорилт байх болов уу. 


-Дэлхий нийтэд шинжлэх ухаан, инновацид суурилсан Аж үйлдвэрийн IV хувьсгал өрнөж байна. Та Монгол Улсад АХБ-ны Суурин төлөөлөгчөөр анх ирэхдээ Монгол Улсад үзүүлэх дэмжлэг туслалцаанд мэдлэг болон инновац түлхүү байр суурь эзлэх болно гэдгийг онцолж байсан. Энэ чиглэлээр ямар ажил хэрэгжүүлж байна вэ?


-Мэдлэг ба инновац нь АХБ-наас бүс нутгийн хэмжээнд явуулж буй үйл ажиллагаанд голлох байр суурь эзэлдэг бөгөөд энэ нь Монгол Улсад ойрын жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шинэ стратегид ч маш чухал үүрэг, нөлөөтэй байх болно. АХБ-наас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд татвар, төсвийн хөрөнгө оруулалт, иргэний бүртгэл зэрэг чиглэлд үйл ажиллагааг цахимжуулах нэлээд олон ажил хийж байна. Монгол Улс мэдээллийн технологи, цахим шилжилтийг ашиглан үйлчилгээний хүртээмжийг сайжруулахаас гадна ирээдүйд эдийн засгийн өсөлтийг дэмжих өндөр боломжтой гэж бид үздэг. Тиймээс инновац, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах энтрепренерийг дэмжих боломжуудыг бид байнга эрэлхийлдэг. АХБ-ны Венчурс хөтөлбөрийн хүрээнд, бид Монголд байгаа шинэлэг санаануудыг санхүүжилттэй нь холбож өгөх чиглэлээр маш амжилттай ажиллаж байгаа "Кайт Аккселератор" хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна.


Эрүүл мэнд, боловсрол болон нийгмийн хамгааллын салбарын төлөвлөлт, санхүүжилтийг бэхжүүлэх, санхүүгийн салбарын хяналт шалгалтыг сайжруулах, бизнесийн зөвлөх үйлчилгээгээр дамжуулан бичил, жижиг, дунд бизнесийн чадавхыг дэмжих, хувийн хэвшлийн боломжуудыг нээх, бизнесийн болон хөрөнгө оруулалтын орчныг шинэчлэх зорилтод нийцүүлэн АХБ мэдлэг, инновацын чиглэлийн үйл ажиллагааг улам гүнзгийрүүлэх болно. Түүнчлэн бид эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо зэрэг чухал асуудлаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэхийг зорьж ажиллана. Эрэгтэй, эмэгтэй ажиллах хүчний оролцооны ялгааг бууруулснаар эдийн засгийг жил бүр 0.5 хувиар өсгөх боломжтойг манай саяхны нэг судалгаа харуулж байна. Энэ бол маш их өсөлт.


-АХБ-ны гол тайлан болох “Азийн эдийн засгийн интеграцын тайлан 2021”-д Ази, Номхон далайн бүс нутгийн аль ч салбарын жижиг, том гэлтгүй бүх бизнес эрхлэгчдэд дижитал платформ болон бусад технологид суурилсан хэрэгсэл өсөлтийн шинэ боломжийг бий болгоно гэдгийг онцолсон байна. Монгол Улс цар тахлын дараа эдийн засгийн өсөлтөө хангахын тулд ямар ажил өрнүүлэх шаардлагатай гэж АХБ үзэж байна вэ?


-Дэвшилтэт технологийг ашиглах, цахим шилжилтийг хурдасгах нь бүс нутгийн хэмжээнд улс орнууд бүтээмжийг нэмэгдүүлэх, үр ашгаа дээшлүүлэх, мөн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд зайлшгүй чухал гэдэг нь ойлгомжтой. Иймд, цахим шилжилт нь цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн мөчлөгт туйлын чухал чиг хандлага, шинэчлэл хийх чухал талбаруудын нэг байх болно. Монгол Улсад төрийн үйлчилгээ, төрийн албаны шинэчлэлийн үйл явцыг сайжруулахад цахимжилт, дижитал шилжилтийг зайлшгүй хийх хэрэгтэй. Гэхдээ энэ бол бодлогын тууштай байдал, сайтар боловсруулсан шинэчлэлийн хөтөлбөр, хувийн хэвшлийн оролцоо, далайцтай манлайлал шаарддаг цогц асуудал юм. АХБ институцийн хөгжил, цахим чадавхыг бэхжүүлэх чиглэлээр явуулж буй Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжих үүднээс мэдлэгийн болон бусад дэмжлэг тусламжийг үзүүлэхэд бэлэн байгаа. 


КОВИД-19-ийн дараа Монголын эдийн засаг өсөх нь тодорхой боловч цар тахлын эсрэг хариу арга хэмжээг оновчтой төлөвлөж, үр дүнтэй хэрэгжүүлэхээс олон зүйл хамаарна. Цаашид уул уурхайгаас эдийн засаг бүхэлдээ хамаарч байгааг бууруулах, эдийн засгийг бүтцийн хувьд төрөлжүүлэх, тогтвортой бөгөөд чанартай ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, төсвийн болон өрийн тогтвортой байдлыг хангах нь Монгол Улсад маш чухал байна. Иймд цар тахлын дараах эдийн засгийн эрсдэл даах чадварыг бий болгох, тэрхүү чадварыг бэхжүүлэх бодлогыг тасралтгүй үргэлжлүүлэх хэрэгтэй. Бид эдийн засгийн өсөлтийн тухай ярихдаа өсөлтийн чанар, тогтвортой байдалд илүү анхаарал хандуулах ёстой. Тиймээс ч төрийн санхүүгийн удирдлага, төрийн үйлчилгээ, санхүүгийн салбарын шинэчлэл, дотоод нөөц боломжийг дайчлан ашиглах асуудал, хувийн хэвшлийн хөгжил, ногоон санхүүжилт зэрэг төрөл бүрийн салбарт бүтцийн шинэчлэлийг хийх, эрчимжүүлэх нь Монгол Улсын дунд болон урт хугацааны төлөвт амин чухал асуудал болох юм. 


-Цар тахал олон улсын эдийн засгийн харилцаанд мөн сөрөг нөлөө үзүүлсэн. Монгол, БНХАУ-ын “Ногоон гарц” түр журмаас эхлээд улс орнууд эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шинэ арга хэрэгслийг нэвтрүүлж байна. Улс орнуудад энэ хүнд үед эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх ямар боломж байна гэж АХБ дүгнэж байна вэ?


-Олон талт болон хоёр талт гадаад харилцааг сайжруулах нь цар тахлын үеийн хариу арга хэмжээ болон түүний дараах сэргэлтэд чухал ач холбогдолтой.

Цар тахлын дараах төлөвийг харвал гадаадын шууд хөрөнгө оруулалтын төлөөх өрсөлдөөн дэлхийн улс орнуудын дунд улам хүчтэй өрнөхөөр байна. Гэтэл Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт нэг салбараас, цаашилбал нэг төслөөс ихээхэн хамааралтай, хөрөнгө оруулалтын орчны шинэчлэл удаашралтай байна.

Монгол Улсаас бүс нутгийн эдийн засаг, худалдаа, дэд бүтцийн хамтын ажиллагаа болон платформуудтай холбогдсон байдлыг сайжруулах үлэмж их орон зай байна. Ийм учраас Монгол Улсад гадаадын шинэ хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг төрөлжүүлэх, бүс нутгийн хэмжээний хөгжлийн төсөл, хөтөлбөр, санаачилгуудтай холбогдсон байдлыг улам сайжруулах хэрэгтэй. Нөгөө талаар олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хөгжлийн түншүүдтэйгээ бодлогын уялдаа холбоог сайжруулж ажиллах нь чухал.  


-Аливаа төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжихэд түүнд тавих хяналт шалгалт ихээхэн чухал. АХБ-ны хувьд Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийнхээ хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьдаг вэ?


-Хөгжлийн туслалцааг сайн үнэлж, хянадаг байх нь чухал ач холбогдолтой талаар тантай бүрэн санал нэг байна. АХБ төсөл бэлтгэх, хэрэгжүүлэх үйл явцдаа Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, төслөөс үр шим хүртэх иргэд зэрэг хамтрагч талуудынхаа оролцоог сайтар хангаж, саналыг нь тусгахад анхаардаг. Төслийн загвар, хяналтын хүрээг төслийн бэлтгэх явцад оролцогч талуудтай хамтран боловсруулдаг.  Энд мөн АХБ-ны дэмжлэгтэй зээл, буцалтгүй тусламжийг Засгийн газар хэрэгжүүлдэг болохыг тэмдэглэх нь зүйтэй. Тиймээс худалдан авах ажиллагаа, гэрээ хийх болон гэрээний удирдлага зэрэг төслийн хэрэгжилтийг Засгийн газар хариуцдаг. Бидний зүгээс төслийн хөрөнгийг батлагдсан зорилгын хүрээнд хэмнэлт, үр ашигтайгаар зарцуулж буй эсэхийг баталгаажуулж, хянах үүрэгтэй байдаг. Энэ үүргээ биелүүлэхийн тулд манай ажилтнууд Засгийн газар болон түүний төсөл хэрэгжүүлэх нэгжүүдтэй нягт хамтран ажиллаж, жилд хоёр ба түүнээс дээш удаа тогтмол үнэлгээ хийдэг.


Тендер болон гэрээ олгох үйл явц нь Засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлого, АХБ-ны худалдан авах ажиллагааны журмын дагуу явдаг. Төсөл хэрэгжиж дуусахад санхүүжилтийг үр дүнтэй ашигласан эсэх, мөн төсөл зорьсон үр нөлөө, үр дүндээ хүрсэн эсэхийг үнэлэх зорилгоор төслийн хаалтын тайланг мөн бэлтгэдэг. Тэрхүү хаалтын тайланг АХБ-ны вэб хуудас дээр олон нийтэд нээлттэй байршуулдаг юм. Бүх төслийн санхүүгийн тайланг жил бүр хөндлөнгийн аудиторууд хянадаг бөгөөд баталгаажсан санхүүгийн тайланг мөн олон нийтэд нээлттэй болгодог.

Холбоотой мэдээ