Зайлшгүй ажиллах байгууллагын алба хаагчдыг ажлын үнэмлэх, тодорхойлолтыг нь үндэслэн зорчуулна

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2021-04-09 20:23:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн “улаан” түвшинд шилжсэн хугацаанд зайлшгүй ажиллах шаардлагатай байгууллагуудын ажилтнуудыг нийтийн тээврийн хэрэгсэл болон хувийн тээврийн хэрэгслээр ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэхийг нь үндэслэн зорчуулна.


Тодруулбал, УОК-оос энэ сарын 10-25-нд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн “улаан” түвшинд шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ дагуу нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, “улаан” түвшинд шилжсэн хугацаанд хувийн тээврийн хэрэгслийг автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор нь ангилахаар шийдвэрлэсэн байна.  Өөрөөр хэлбэл, автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол энэ сарын 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24-нд, сондгой тоогоор төгссөн бол 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25-нд зорчих юм.


Мөн Нийтийн тээврийн хэрэгсэл өглөө 6.30-10.00 цаг, өдөр 12.00-15.00 цаг, орой 17.30-22.00 цагт хязгаарлалтад ороогүй байгууллагуудын ажилтнуудад үйлчлэх юм.


Ташрамд дурдахад, “Улаан” түвшинд шилжсэн хугацаанд 15 салбарын ажилтнуудын 10 хүртэлх хувь нь ажиллах юм.


Холбоотой мэдээ