С.Дарамдад: Төвлөрсөн дулааны станц байгуулах зорилт тавин ажиллаж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-04-10 01:15:49

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Алтай хотын халаалтын 90 хувийг дангаараа хариуцдаг “Мандал Голомт” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Дарамдадтай компанийн үйл ажиллагаа, цаг үеийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Сайн байна уу. Өнгөрсөн оны 12 дугаар сараас Засгийн газраас айл өрхүүд болон аж ахуй нэгжийн хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу дулааны эрчим хүч хэрэглэгчдэд одоогийн байдлаар хэчнээн төгрөгийн хөнгөлөлт үзүүлээд байна вэ?

-Монгол Улсад Ковид-19 цар тахал бүртгэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дугаар тогтоолын дагуу дулааны эрчим хүчний төлбөрийг  ирэх 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд төрөөс хариуцах шийдвэр гарсан. Энэхүү тогтоол хэрэгжиж эхэлсэнээс хойших хугацаанд аж ахуйн нэгж, айл өрхүүдэд нийт 446 сая төгрөгийн  хөнгөлөлт үзүүлээд байна. Дээрх хөнгөлөлтийг сар бүрд хувааж үзвэл 2020 оны 12 дугаар сард 105 сая төгрөг, 2021 оны нэгдүгээр сард 120 сая төгрөг, хоёрдугаар сард 120 сая төгрөг, гуравдугаар сард 119 сая төгрөгийн хөнгөлөлтийг айл өрх, аж ауйн нэгжүүд эдэлсэн байна. 

-Дээрх тогтоолд 100 м2-аас илүү гарсан талбайн дулааны төлбөрийг тухайн иргэн өөрөө төлөхөөр тусгасан байдаг. Тэгэхээр Говь-Алтай аймагт 100м2-аас дээш талбайтай хэчнээн өрх байна вэ?

-Манай аймагт 58 айл өрх 100м2-аас дээш талбайтай байгаа. Тухайн айл өрхүүд  дулааны эрчим хүчний зөрүү төлбөрөө сар бүр төлж байгаа. 

-Халаалтаа “Мандал Голомт” ХХК-аас авдаг 130 гаруй аж ахуйн нэгж байдаг. Тэд Засгийн газрын хөнгөлөлтөд 100 хувь хамрагдаж чадаж байна уу?

-Манай компаниас дулааны эрчим хүчээр хангагддаг 127 аж ахуйн нэгж, байгууллага байдаг. Эдгээрээс 93 хувь нь Засгийн газрын дээрх тогтоолын дагуу хөнгөлөлтөд хамрагдаж байна. Харин үлдсэн хувь буюу интернэт үүрэн холбоо, банк,  банк бус санхүүгийн байгууллага, ШТС  зэрэг газрууд хөнгөлөлтөд хамрагдаагүй. 

- Засгийн газрын 211 дүгээр тогтоолд хамрагдахгүй байгаа байгууллагуудын дулааны төлбөр төлөлт хэр байна. Халаалтын мөнгөө төлөхгүй байгаа нь танай байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг вэ? 

- Ковид-19 цар тахалтай холбоотойгоор Засгийн газрын үзүүлсэн хөнгөлөлт нь аж ахуйн нэгж, айл өрхүүдэд бодит дэмжлэг болж чадаж байна. Дулааны эрчим хүчний тооцоо цаг хугацаандаа орж ирэхгүйгээс болж компани санхүүгийн хүндрэлд орох эрсдэлтэй байдаг. Хэрэглэгчид дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөр тооцоогоо цаг тухайд нь хийгээгүйгээс шалтгаалж эргээд манай байгууллага нь Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороонд шалгагдаж, өр төлбөр барагдуулах тал дээр албан шаардлага акт тавиулахад хүрдэг. Мөн үйлдвэрийн урсгал болон цалин, цахилгаан эрчим хүч, нийгмийн даатгалын зардлыг сар тухай бүрт нь төлөхөд хүндрэл гардаг.

- Дулаан хангамжийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна. Энэ жилийн тухайд өвлийн оргил ачааллын үед ямар нэгэн хүндрэл гарсан уу?

- Манай компани нь Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын дулааны эрчим хүчний 90 хувийг дангаараа хариуцан ажилладаг. Одоогоор тус аймгийн 127 аж ахуй нэгж, 40 албан байгууллага, 2000 орчим айл өрхийг дулааны эрчим хүчээр ханган ажиллаж байна.

Энэ жилийн хувьд цаг агаарын байдал харьцангуй дулаахан байлаа. Дулаан үйлдвэрлэлийн хувьд цахилгаан хангамжийн саатлыг үл тооцвол аваар саатал гэнэтийн зогсолтгүй байж хаврын урин дулаантай золголоо.

- Урин дулаан цагтай зэрэгцэн ирэх жилийнхээ өвөлжилтийн бэлтгэлийг хангах их ажил өрнөдөг. Дулаан хангамжийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө сайжруулах, засвар үйлчилгээгээ хэзээнээс эхлүүлэхээр зэхэж байна?

-Ирэх халаалтын улирлыг өнөтэй давахын тулд зуны засварын ажлыг мөдхөн эхлүүлэхээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Гэвч дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалан сэлбэг материалын татан авалт удаашралтай явагдаж байгаа. Манай компанийн хувьд дулаан хангамжийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх талаар жил бүр анхаарч, насжилтын хугацаа дууссан төв магистраль шугамыг шинэчлэн солих, шинээр шугам татах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Цаашид төвлөрсөн дулааны станц байгуулах зорилт тавин ажиллаж байна. 

- Энэ жил дулааны нэгдсэн сүлжээнд нийт хэдэн хэрэглэгч шинээр холбогдсон бэ?

- Сүүлийн жилүүдэд Говь-Алтай аймагт барилгажилт эрчимтэй явагдаж байгаатай уялдуулан жилд дунджаар  0,5-1,5 гкал/цагийн ачаалал нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд 1,5 гкал/цаг-ийн хэрэглэгч шинээр холбогдсон. 

- Говь-Алтай аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон ажил олгогч компаний нэг нь танай байгууллага. Халаалт дулааны зардлыг хэрхэн зарцуулдаг вэ?

- Манай компани нь Говь-Алтай аймгийн албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийг найдвартай дулаанаар хангах зорилгоор 2006 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Өнгөрсөн оны тухайд цалингийн зардалд 1 тэрбум 122 төгрөг, татварт 615.6 сая төгрөг, урсгал засварт 273,8 сая төгрөгийг тус тус зарцуулаад байна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. 


Холбоотой мэдээ