“Rio Tinto” Оюу толгойн санхүүжилтийн талаар “Turquoise Hill”-тэй тохиролцоонд хүрчээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-04-10 11:58:16

МЕЛЬБУРН. /Business Wire/. Австралийн “Rio Tinto” групп Монгол дахь Оюу толгой зэс, алтны уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудлаар “Turquoise Hill Resources” компанитай тохиролцоонд хүрснээ мэдэгдлээ.


Талуудын зөвшилцсөн санхүүжилтийн шинэчилсэн төлөвлөгөө нь далд уурхайн төсөлд шаардлагатай үлдсэн 2.3 тэрбум орчим ам.долларын талаар тусгасан бөгөөд өнгөрсөн есдүгээр сард байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд байгуулсан гэрээнүүдийг орлох ажээ.


Rio Tinto”-гийн мэдээлснээр, талууд 1.4 тэрбум хүртэлх ам.долларын өрийн төлөлтийн бүтцийг дахин өөрчилж, 500 сая хүртэлх ам.долларыг санхүүжилтийн одоогийн зохицуулалтуудын дагуу нэмэлт зээлийн хувиар босгохыг эрмэлзэх гэх мэт тохиролцоонд хүрчээ. Уг баримт бичгийг одоо Оюу толгой компани, Монголын Засгийн газар баталгаажуулах юм.


“Энэхүү гэрээ нь дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэг болж, Монголын эдийн засагт урт хугацаанд үр өгөөжөө өгөх Оюу толгойн бүтээн байгуулалт үргэлжлэхэд томоохон алхам боллоо. Монголын Засгийн газрын дэвшүүлсэн асуудлуудыг сонсон шийдвэрлэж буй нь Оюу толгойн далд уурхайн төслийг хугацаанд нь хэрэгжүүлэхэд тун чухал юм” гэж “Rio Tinto”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд мэдэгджээ.


Мөн “Turquoise Hill” компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр гүйцэтгэгч Стив Тибо, “Бид Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх талаар “Rio Tinto”-той бүтээлч, шударга тохиролцоонд хүрсэндээ баяртай байна. Цаашдын үйл ажиллагааг тодорхой цаг хугацаатайгаар тусгасан гэрээг байгуулснаар далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэн шуурхай гүйцэтгэх боломж бүрдэнэ. Бид Монгол Улс, монголчууд гэх мэт хувьцаа эзэмшигч бүх талд үр өгөөжөө хүртээхэд үргэлжлүүлэн анхаарна” гэв. Мөн “Rio Tinto”, “Turquoise Hill” одоо үргэлжилж буй арбитрын ажиллагааг зогсоохоор тохиролцсон байна.

Холбоотой мэдээ