Cент-Винсент арлын галт уул дэлбэрчээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2021-04-10 10:12:03

КИНГСТАУН. /BBC/. Карибын тэнгисийн Сент-Винсент арал дээр оршдог Ла Суфриер галт уул дэлбэрсний улмаас олон мянган хүн орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрчээ.


Ла Суфриер уул нь сүүлийн хэдэн арван жилийн турш идэвхгүй байсан боловч өнгөрсөн оны 12 дугаар сараас идэвхжил ажиглагдаж, энэ долоо хоногт дээд цэгтээ хүрсэн байна.


Үүнтэй холбогдуулан Сент-Винсент ба Гренадин улсын Ерөнхий сайд Ральф Гонсалвес “улаан бүсэд” байгаа 16 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгожээ.


Дэлбэрэлтийн эхний шинж пүрэв гаргийн орой ажиглагдаж эхэлсэнтэй холбогдуулан Р.Гонсалвес нүүлгэн шилжүүлэх ажиллагааг түргэвчлэхийг уриалжээ. Тэдгээр оршин суугчийг аяллын хөлөг онгоцоор арлын аюулгүй хэсгүүдэд хүргэсэн байна.


Галт уул зургаан километрийн өндөрт үнс нурам цацсан бөгөөд баасан гарагт хоёр удаа дэлбэрчээ. Сент-Винсент ба Гренадины Улаан загалмай нийгэмлэгийн дарга Дора Жеймсийн “CNN” сувагт мэдээлснээр, дэлбэрэлтийн улмаас хэн нэгэн гэмтэж бэртсэн тухай мэдээлэл алга байна.


Ташрамд дурдахад, 1979 онд болсон Ла Суфриер галт уулын дэлбэрэлт аралд 100 сая гаруй ам.долларын хохирол учруулж байжээ. Мөн 1902 онд болсон дэлбэрэлтийн улмаас 1000 гаруй хүн амь насаа алдсан байна.

Холбоотой мэдээ