Д.Алтаншагай: Төрийн алба гэдэг албан тушаалд дуртай хүмүүсийн “шигддэг” газар биш

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-04-11 11:59:15

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Алтаншагайтай уулзаж ярилцлаа.


-Шинэ албан тушаалд томилогдсон танд баяр хүргэе. Таны хувьд төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байсан мэргэшсэн хүн. Ирэх жилүүдэд төрийн албаны хэмжээнд ямар зорилт тавьж байна вэ?

-Баярлалаа. Миний хувьд Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдоод удаагүй байна. Гэхдээ энэ байгууллагад мэргэжилтнээс эхлээд Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар жил ажиллаж байсан учраас ажлын онцлог, чиг үүрэг, хамт олноо сайн мэднэ. Тийм ч учраас ажилтайгаа танилцах, суралцахад хугацаа алдахгүй шууд төлөвлөж эхэлсэн гэж хэлэхэд болно.

Бид төрийн алба шиг төрийн албатай болох цаг ирсэн. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр иргэд төрөөс үйлчилгээ авахдаа сэтгэл ханамжтай байхыг хэлж байгаа юм. Төрийн албан хаагчид нь шуурхай, шударга, ил тод, ёс зүйтэй, тэгш хүртээмжтэй ажиллах ёстой гэсэн үг. Үүнийг хэрэгжүүлэхийн тул өнгөрсөн хугацаанд бид Булган аймгийг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын бичиг баримтуудаа боловсруулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж бараг дууслаа. Одоо хэрэгжүүлж эхлээд байна. Үүнээс засаглалын бодлогыг онцолвол Төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулж, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг бэхжүүлэх, цахим технологид суурилсан төрийн үйлчилгээг үе шаттай нэвтрүүлж, төрийн үйлчилгээний үр дүн, үр нөлөөг дээшлүүлэхийг зорьж байна.

-Төрийн албаны чадавх, хүний нөөцийн хөгжлийн талаар ямар зорилт тавьж байна вэ?

-2019 оноос эхлэн Төрийн албаны шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуульд нийцүүлж манай аймаг “Төрийн албаны хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр”-тэй болсон байгаа. Төрийн албаны шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлж, ажлын ахиц дэвшил гаргахад техникийн мэдлэг, туршлагаас гадна манлайлал, харилцааны эв дүй, цагийн менежмент зэрэг хувь хүний ур чадварыг хүн бүр эзэмших, хэвшүүлэх шаардлага байна гэж харж байна. Цаашлаад энэ зуун бол мэдээллийн эрин зуун. Гар утас хүртэл тодорхой хугацаанд програмаа шинэчлэхийг шаарддаг болсон энэ цаг үед төрийн албан хаагчид маань ч тасралтгүй суралцаж, хөгжих учиртай. Тиймээс төрийн албан хаагчдаа гадаад, дотоодын хөтөлбөрүүдэд үе шаттай сургах, мэргэшүүлэх ажлуудыг зохион байгуулна.

Төрийн албанд залуучууд их орсон байна. Тэд нутаг орондоо ажиллаж амьдрахыг чухалд үзэж байна. Гэвч төрд ажилласан албан хаагчийн цалин нь амьдралд хүрэхгүй асуудал, орон байр гээд нийгмийн асуудал их гарч байна. Тэгэхлээр төрийн албан хаагчдаа болон залуучуудаа орон нутагтаа тогтвортой байлгах нийгмийн баталгаа хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь хүний нөөцийн хомсдлыг арилгах гол үндэс болно гэж харж байгаа. Тийм ч учраас ядаж зах зээлийн үнэ ханшнаас доогуур үнэлгээтэй орон байраар хангах бодлогыг барьж ажиллаж байна.

-Та өнгөрсөн 4 жилд аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, ИТХ-ын ажлын албанд ажиллаж аймгийн Тамгын газрыг гаднаас нь ажигласан байх. Тэгэхлээр Тамгын газрын ажилд ямар нэг дүгнэлттэй ирсэн үү. Цаашид ажлын арга барилын болоод төрийн албаны стандартыг мөрдүүлэх талаах ямар зүйл хийхээр төлөвлөсөн бэ?

-Би төрийн албыг 18 жил хааснаас 13 жилд нь аймгийн ЗДТГ-т ажиллаж байна. Таны хэлдгээр өнгөрсөн 3 жилийн хугацаанд энэ байгууллагаа гаднаас нь харж ажиллалаа. Би ажлаа хүлээж авахдаа хамт олонтойгоо уулзаад нэг үг хэлсэн. “Удаан” байна гэж. Бодлого тодорхойлдог, чиг үүргээр хангах ёстой байгууллага нь өөрөө удаан байж болохгүй л дээ. Тэгвэл хэрэгжүүлэгч нь удаан байна. Дагаад орон нутгийн хөгжил ч удааширна. Тиймээс бид санаачлагатай бас хурдтай ажиллах зайлшгүй шаардлагатай. Дараагийн нэг асуудал нь манай байгууллага үндсэн долоон хэлтэс, хоёр алба, нэг тасагтай. Чиг үүргээрээ өөр боловч бид аймгийн Засаг даргын Тамгын газар гэдэг нэг л байгууллага. Иргэд гаднаас хараад аймгийн ЗДТГ л гэж мэднэ үү гэхээс энэ Нийгмийн бодлогын хэлтэс, энэ Санхүү, Төрийн сангийн хэлтэс гэхчлэн ялгахгүй шүү дээ. Тиймээс “аминчхан” үзлээс салцгаая, салбар дундын хамтын ажиллагаагаа сайжруулъя, нэг чиг рүү харцгаая гэдэг үүрэг өгч байгаа. Мөн манай нэг мэргэжилтэн гэхэд 20-30 хүнтэй агентлагийг, цаашлаад хэд хэдэн салбарыг, сумдыг бодлогоор хангах үүрэг хүлээдэг. Тийм учраас мэргэжилтнүүдээ мэдлэг, чадвараа цаг ямагт дээшлүүлэн, байгууллагынхаа ажлыг, салбарынхаа ажлыг гарын арван хуруу шигээ мэддэг болоход нь онцгой анхаарал хандуулна.

Чадахуйн зарчимд суурилж үнэлдэг, дүгнэдэг, дэвшүүлдэг болъё гэж зорьж байна. Энэ онд манай байгууллага “Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016” олон улсын стандарт”-ыг нэвтрүүлнэ. Энэ стандартыг нэвтрүүлснээр байгууллагын үйлчилгээний соёл, үр дүн дээшилж, иргэд сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад маш том түлхэц болох болно. Цаашлаад бусад агентлаг байгууллага, сумдад нэвтрүүлэхээр төлөвлөсөн.

-Аймгийн хөгжил дэвшил ЗДТГ-ын ажилтай салшгүй холбоотой. Байгууллагын чиг үүргийн үзүүлэлт, нээлттэй байдлыг дээшлүүлэх бодлого зорилтын талаар ярина уу?

-Тэгэлгүй яахав. Аймгийн ЗДТГ ажилтан албан хаагчид гэдэг бол аймгийн Засаг даргад цаг үеэ олсон, өндөр мэргэшлийн зөвлөгөө өгөх, орон нутгийн эдийн засаг, нийгмийн онцлогт тохирсон бодлого боловсруулдаг хүмүүс. Энэ нь орон нутгийн хөгжилтэй шууд хамааралтай. Манайхан чинь маш их ажилтай шүү дээ. Энэ дашрамд цаг наргүй ажилладаг албан хаагчдыг маань ойлгож, ажиллах нөхцлөөр хангадаг гэр бүлд нь талархал дэвшүүлмээр байна. 

Байгууллагын чиг үүрэг, нээлттэй байдлын хувьд аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэн ажиллах “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрт:

-Төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэлийг бэхжүүлж, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, эрх ашгийг дээдэлсэн зөв бодлогыг хэрэгжүүлнэ.

-Төрийн байгууллагад хандсан иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг цахимаар хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

-Төрийн бүх шатанд байгаа авлигыг таслан зогсоох, авлигаас урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж, төр иргэдийн энэ төрлийн мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлнэ.

-Аймгийн ЗДТГ-ын дэргэд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг шинээр байгуулна гэсэн заалтууд орсон байгаа. Одоо төлөвлөсөн ажлуудаа үр дүнтэй зохион байгуулахад анхаарч байна.

-Төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах талаар юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд гарсан ёс зүйн зөрчлүүдэд дүн шинжилгээ хийж үзэхэд төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хэд хэдэн алдаа гаргаж байна. Иргэд, үйлчлүүлэгчтэй эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх, төрийн албаны нэр хүндийг ямагт дээдэлж, түүнд харшлах аливаа үйлдлийг цээрлэх хэм хэмжээг зөрчдөг. Албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд бүрэн хариуцах, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгах, хавчин гадуурхахгүй байх хэм хэмжээг зөрчсөн зэрэг асуудлууд давамгайлж байна. Үүнээс дүгнэхэд төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн дарга, гишүүд орон тооны бус хэлбэрээр ажиллаж байгаа нь ёс зүйн чиглэлээрх үйл ажиллагаа цалгардах нөхцөл болж байна. Тэдний эрх зүйн мэдлэг, ур чадвар дутмаг байгаа нь урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг үр дүнтэй, чанартай зохион байгуулахад хүндрэлтэй, ёс зүйн зөвлөл нэр төдий ажиллах үндэс суурь болж байна гэж ажиглагдаж байна. Ийм учраас төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн дарга, гишүүдийн ёс зүйн зөрчлийг бусад зөрчлүүдээс ялган шийдвэрлэх мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалтыг сар бүр зохион байгуулах, тэднийг мэргэжил арга зүйгээр ханган ажиллах, төрийн албаны зөвлөлийн зүгээс нэгдсэн гарын авлага, тасралтгүй сургалтаар хангах арга хэмжээг авч ажиллана.

Ер нь иргэдийн татварын мөнгөөр цалинжиж тэдэнд таатай үйлчилгээ үзүүлнэ гэчихээд тэднийгээ ялгаварладаг, доромжилдог ёс зүй байж болохгүй. Ёс зүйг чанд баримталж гарсан үйлдэлд нь хариуцлага тооцдог байх нь төрийн албан хаагчдад ч гэсэн ээлтэй байх болно. Хариуцлага бол ажил эрчимжүүлэх бас л нэг хөшүүрэг. Толгой илдэг, тал засдаг, ахаа эгчээ, тэр минь энэ минь гэдэг хандлага гаргахгүй байхын төлөө ажиллана.

-Аймгийн Засаг дарга цаг баримталж, хурдтай, сэтгэл гаргаж ажиллахыг төрийн албан хаагчдад уриалж байгаа. Энэ талаар тамгын газар ямар ажил зохион байгуулах вэ?

-Аймгийн Засаг даргын хувьд Төрийн албан хаагчдаас дөрвөн зүйлийг хүсч уриалга гаргасан. Сэтгэл гаргаж ажиллахыг уриалсан. Шинэчлэл, өөрчлөлт хийе, үр дүн гаргаж ажиллая гэсэн хүсэл, тэмүүлэл шат шатны удирдлагууд, төрийн албан хаагчдад бий ч ажиллах арга барилаа олохгүй байх хандлага байна. Тиймээс арга барил, ажлын төлөвлөлтөө нэгтгэх үүднээс чадавхижуулах сургалтуудыг зохион байгуулна. Бидний ажлын үр дүн, шинээр бий болгосон ажлын байр, ард иргэдийн маань амьдралын чанар, сэтгэл ханамжаар хэмжигдэнэ гэдгийн цаг ямагт санах хэрэгтэй. Тиймээс шинэ зүйлийг эхлүүлэхээс эмээлгүй сэтгэлтэй, зүтгэлтэй ажиллаж байгаа аль ч түвшний алба хаагчдаа дэмжинэ гэж байгаа. 

Нэгдүгээрт, хариуцлагатай, ёс зүйтэй байя. Бид хариуцлагатай, ёс зүйтэй, өөрийн гэсэн хэм хэмжээтэй, шалгууртай төрийн албатай болох ёстой. Төрийн алба гэдэг нь албан тушаалд дуртай хүмүүсийн цуглуулга биш. Энэ бол манлайлагчид, Булганы шинэ өнгө, төрх болсон, энэ цаг үеийн хийгээд ирээдүйн Булганыг авч явах үнэхээр шигшээ баг л бүрэлдэж байх ёстой. Хамгийн эхнийх нь ёс зүйн хариуцлага. Энэ нь төрийн албанд ажиллаж, цалин хөлсөө авч, амьдралаа залгуулж байгаа хүний хувьд заавал дагаж явах ёстой хариуцлага юм. Хоёрдугаарт, улс төрийн хариуцлага гэж байна. Улс төрийн хариуцлага гэдэг нь тухайн албан тушаалд би тэнцэхгүй юм байна гэж хэлээд чөлөөлөгдөхийг хэлж байгаа юм. Гэхдээ би улс төржсөн төрийн албаас ангид байхыг эрхэмлэдэг юм шүү. Хууль нь ч тийм. “Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй” гэж ярилцдаг. Хариуцлага дээрээсээ л эхлэх ёстой. Энэ ажлыг бид эхлэх ёстой. Гуравдугаарт, бүтээлч, тогтвортой байдлыг хангаж ажиллая гэж уриалж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газар гэдэг бол нэр хүндтэй, хариуцлагатай, төрийн албан тушаал. Тэр нэр хүндтэй, хариуцлагатай, албан тушаалыг хашихдаа төрийн албыг улам хүчирхэг болгон хөгжүүлж, төрийн албаны бие даасан хараат бус байдлыг төлөвшүүлж, албан хаагчдаа чадавхижуулж, тэдний хууль ёсны эрх ашиг, нийгмийн хамгааллыг амьдралд хэрэгжүүлэн, улс төр, авилгал, хээл хахуулиас ангид байлгаж, төрийн албанд хоёргүй сэтгэлээр тогтвор сууршилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх учиртай. 

Эцэст нь төрийн албан хаагч судлаач, салбартаа манлайлагч байхыг уриалж байна. Эрхэлсэн ажилдаа эзэн болж, алсын хараатай, зоригтой шийдвэр гаргаж, хариуцлагаа өөрөө үүрч, аливаа шийдэл, шийдвэрийг гаргахдаа үр дүнг эрхэмлэх хэрэгтэй. Эдгээр зарчимд нэгдэх нь нийт Булганчуудын маань эрх ашигт бүрнээ нийцэх зүйл гэж би бодож байна. Тийм учраас яриад, сонсоод өнгөрөх биш, хийж хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно.

- Ярилцсан танд баярлалаа.

Холбоотой мэдээ