“Ширээ нуруу”-ны оршин суугчид Дархан сум руу 72 цаг нэвтрэх боломжгүй

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-04-11 23:46:32

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын тохиолдол өдөр бүр бүртгэгдэж байгаа энэ өдрүүдэд Аймгийн онцгой комиссоос тухай бүрт нь шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байна. Сүүлийн өдрүүдэд “Ширээ нуруу” буюу Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багт халдвар нэмж бүртгэгдэж нийт 14 болсон. Үүнтэй холбогдуулан Дархан сумын онцгой комиссоос тухайн бүс нутаг руу 72 цаг орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.

Дөрөвдүгээр сарын 12-ны 06.00 цагаас 15-ны 06.00 цаг хүртэлх хугацаанд хөдөлгөөний хязгаарлалт тогтоож нийт  иргэдээс PCR  шинжилгээ авч халдварын тархалтыг хумихаар болжээ. Учир нь Сайхан сумын Номгон баг нь Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэртэй усан хагалбар буюу Хараа голоор зааглагддаг. Номгон багийн нийт өрхийн 80-90 хувь нь Дархан сумын харьяат иргэн байдаг аж. Иймд таван байршилд шинжилгээний цэг байршуулж иргэдийг гурав хоногийн хугацаанд шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн байна. 

“Ковид-19” халдвартай нь батлагдсан 14 иргэний ойрын  хавьтлын 30 орчим иргэн байгаа юм. 1720 гаруй иргэнээс таван цэгт  PCR шинжилгээ авах бөгөөд 16 хүртэлх насны хүүхэд хамрагдахгүй ажээ. Номгон багийн нутаг дэвсгэр рүү орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан 72 цагийн хугацаанд хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана. Нөөцийн мах худалдаалдаг нэг дэлгүүрт махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн шалтгаанаар тусламж, үйлчилгээ авах иргэд харьяа өрхийн эмнэлэгт утсаар холбогдож гэртээ тусламж авах, 99372148 дугаарт холбогдож шаардлагатай эм, тариагаа захиалж, гэртээ хүргүүлж авах боломжийг Дархан сумын онцгой  комиссоос бүрдүүлжээ. Энэ хугацаанд ундны ус түгээх худаг хэвийн горимоор ажиллана.

Холбоотой мэдээ