Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 128 боллоо

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-12 11:45:30

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн салбар лабораторид найман эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг хоёр ээлжээр ажиллаж байна.

Тус лабораторид сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 280 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын тохиолдол 6-аар нэмэгдэж, 128 болсон байна. 

Тодруулбал, халдвар авсан иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байранд байсан иргэнээс халдвар илэрчээ. Харин гэрийн ажиглалтад байсан иргэдээс халдвар илрээгүй байна. 

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг-1”-т 54, “Тусгаарлах эмнэлэг-2”-т 45 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Одоогоор долоон өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.

Өнөөдөр 09:00 цагийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд 105 иргэн тусгаарлан ажиглах байранд, 529 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Мөн ойрын хавьтлын 612 иргэн бүртгэгджээ.

Дөрөвдүгээр сарын 09-11-ний өдөр нийт 24 иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан. Тэднийг гэрийн ажиглалтад шилжүүлсэн гэж албаны эх сурвалж онцоллоо.   

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, зохих хяналт тавих зорилгоор 800 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж буй.  

Холбоотой мэдээ