Өнөөгийн нөхцөл байдалд дасан зохицсон нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-04-13 12:15:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтийг түгшээсэн коронавируст цар тахлын дэгдэлт цаашдаа бүрмөсөн зогсож аюулгүй болох хүртэл 1-2 жил, бүр цаашлаад ч үргэлжлэхийг үгүйсгэх аргагүй үед халдвар хамгааллын дэг журамд дасан зохицохоос аргагүй нөхцөл байдал нийгмийн аль ч салбарт бий боллоо.


Коронавируст цар тахлын үед болон түүний дараагийн үе шатанд тулгарч болзошгүй сорилтуудад олон нийт болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулж, оновчтой шийдлийг гаргахад хүн бүрийн хувь нэмэр, оролцоо чухал юм. 


Өнөөдөр “Ковид-19” цар тахлын аюулыг тогтоон барьж хумих, гэтлэн давж эрүүл энх байх нь дэлхийн улс орнуудын эн тэргүүний зорилт юм. Үүний зэрэгцээ нийгмийн аж амьдрал, эдийн засаг, үйлдвэрлэл, үйлчилгээнээс эхлээд бүх салбарын үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй үргэлжлэх нь хамгаас чухал асуудал болоод байна. Улс орны нийгэм эдийн засгийн бүх салбарт төдийгүй хүн бүр энэ нөхцөл байдалд хэрхэн дасан зохицож ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэхэд чиглэгдсэн нэгдсэн бодлого үгүйлэгдсээр байгаа юм.  



Тухайлбал, биеийн тамир, спортын салбарт - тамирчдын бэлтгэл сургуулилт болон уралдаан, тэмцээнийг хэрхэн тогтмол тасралтгүй зохион байгуулж, ямар шинэ өөрчлөлт бий болгох зайлшгүй шаардлага тулгарах талаар тамирчид, багш дасгалжуулагчид, эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд, иргэд, спорт сонирхогчид хамтдаа санал бодлоо нээлттэй солилцож байж л хамгийн оновчтой шийдвэр гаргах боломж бий болно.


Өнөө үед олон улс, дэлхий нийтэд тухайн салбарт ямар чиг хандлага, ямар туршлага, хэтийн төлөв, зорилт байгааг бид эн тэргүүнд тандан судлах учиртай.


Дэлхийн улс орнууд өнөөгийн нөхцөл байдалдаа дасан зохицсон, тодорхой дэг журмыг баримтлан тамирчдын бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдааныг хэрхэн тасралтгүй үргэлжлүүлэх гарц, гаргалгаа, оновчтой шийдэл байгааг эрэлхийлсээр байгаа юм.


Халдвар хамгааллын аюулгүй байдлыг хангасан нөхцөл байдлыг хэрхэн бий болгож биеийн тамир, спортын хөгжил дэвшлийг өмнөх үеийн түвшинд байлгах асуудал энэ салбарын эн тэргүүний зорилт болоод байна.


Тухайлбал, Ганцаарчилсан болон багийн спортын бэлтгэл сургуулилтыг өмнөх үеийн түвшинд хүргэж хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд ямар гарц, гаргалгаа байна вэ?


-Тэмцээн, уралдааныг өнөөгийн нөхцөлд халдвар хамгааллын аюулгүй байдалд хэрхэн зохион байгуулах талаар шинэ, санаа оноо юу байна?


-Тулааны спорт, бөхийн төрлийн тамирчид болон хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейбол, гандбол зэрэг багийн спорт тоглоомын төрөлд баг, тамирчид бэлтгэл сургуулилтаа хэрхэн тасралтгүй хийх, тэмцээнд оролцоход ямар өөрчлөлтүүд гарч болох, шинэ боломжууд юу байна зэрэг олон асуудал тулгарч байгаа юм.


Баг тамирчид цар тахлын үе болон дараагийн шатанд амьдралын шинэ хэв маяг, горимд шилжихэд юуг чухалчлах хэрэгтэй талаар биеийн тамир, спортын зарим салбарын төлөөллөөс цахимаар авсан санал бодлыг та бүхэнд толилуулж байна.



Боксын үндэсний шигшээ эмэгтэй багийн дасгалжуулагч М.Буянжаргал: “Бидний хувьд цар тахлын энэ хүнд үед вакуум орчинд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан тамирчдын бэлтгэл сургуулилтыг хийлгэж байгаа. Цаашдаа ч энэ зарчмаар бэлтгэл сургуулилт үргэлжлэх болов уу. Олон улсын жишгээр аливаа тэмцээн уралдааныг үзэгчгүй зохион байгуулах хэрэгтэй. Дотооддоо ч мөн адил. Харин миний гол санаа гэвэл цаашдаа тэмцээнийг телевиз, радиогоор шууд дамжуулж үзүүлэх нь хэтийн хөгжилд болон шинэ залуу тамирчдыг төрүүлэхэд илүү үр дүнтэй байх болов уу гэж бодож байна.


Цар тахлаас үүдэн тамирчид бэлтгэл сургуулилтаа тогтмол хийхгүй байх нь тамирчдын ур чадвар буурах, бэлтгэлийн хэмнэл, форм алдагдах нөхцөлийг бий болгодог. Тэмцээн зохиогдохгүй, олон тэмцээн цуцлагдах болсон нь тамирчдад маш муугаар нөлөөлж байгаа. Иймд цаашдаа амьдралынхаа хэвшлийг өөрчилж хатуу чанд дэглэм баримталж бэлтгэлээ тогтмол хийж, хурдан хугацаанд өмнөх үеийнхээ эрчим форум, хэв маягтаа орох нь чухал байна. Хамгийн гол нь тасралтгүй бэлтгэл сургуулилт,олон тэмцээнтэй байж л тамирчны амжилт ахиж, ур чадвар дээшилнэ. Тэгэхээр энэ байдалд дасан зохицсон шинэ шатанд гаргах асуудал зайлшгүй шаардлага тулгарч байна. Олон улсад үүнийг хэрхэн шийдвэрлэж байгааг бид судлаж, Монголдоо нутагшуулж, шинэ дэг журмыг баримталж байж спортын амжилтаа бууруулахгүй байх нь чухал. Үүнд нэгдсэн бодлого, шийдвэр чухал гэж бодож байна.


Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн триатлоны холбооны Шүүгчдийн хорооны дарга, “Токио 2020” паралимпын наадмын триатлоны тэмцээнийг шүүх эрх авсан Б. Цагаанбаатарын сэтгэгдлийг толилуулж байна.



-Ганцаарчилсан болон багийн спортын бэлтгэл сургуулилтыг өмнөх үеийн түвшинд хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх ямар гарц, гаргалгаа байна вэ?


-Энэ асуудлыг нэг баг клуб, нэг холбоо, тэр байтугай нэг улс ч дангаараа шийдвэрлэхэд хүчин мөхөсдөх болов уу. Тэр тусмаа манай улс бол өөрөө шийдвэрээ гаргах чадвартай биш гэдгээ харуулсаар байна. Дэлхий нийтээрээ энэ аюулт өвчний эсрэг тэмцэлд нэгдэж зүтгэж байгаа, амаргүй цаг үеийг бид бүгдээрээ хамт туулж явна.


-Тэмцээн, уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар шинэ, санаа оноо юу байна?


-Яг одоогийн байдал гэвэл эрүүл мэндийн асуудал илүү чухал байна. Эрүүл энх, эсэн мэнд байвал спорт болон бусад зүйлсийг дараа нь хийж болно. Гэхдээ вакцинжуулалтын үр дүнгээс хамаарч, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих ёстой.


-Триатлоны спортын тамирчид бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийх, тогтмол тэмцээнд оролцоход ямар өөрчлөлт гарах бол, боломжууд юу байна?


-Дэлхийн триатлоны холбоо 2021 оны 5 дугаар сарын 1 хүртэл тэмцээн уралдааныг хориглосон бөгөөд саяхан шийдвэр гаргаж тэмцээнүүдийг 5 дугаар сарын 1-нээс явуулахаар болсон. Тэгэхдээ эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, бөөгнөрөл үүсгэхгүйгээр, үзэгчгүй тэмцээн явуулахыг Дэлхийн триатлоны холбоо зөвлөсөн. Триатлоны спорт нь COVID-19-ийн үед эрсдэл багатай спортын нэгэнд орж байгаа боловч тэмцээний явцад нь олон төрлийн өөрчлөлт орж байна. Тухайлбал, техникийн зөвлөгөөнийг онлайнаар хийнэ, нэгдсэн бэлтгэлийг цуцалсан, өдөр бүр PCR болон эсрэг биетийн тест авна, хүн хоорондоо 2 метрийн зай барина, албан ёсны нээлт, хаалтыг цуцалсан, тамирчид, дасгалжуулагчид, шүүгч нар байнга маск зүүж бээлий өмсөнө, шагнал гардуулах ёслолд медалийг тамирчин өөрөө зүүнэ гэх мэт.


Хэдий дэлхий дахинаа триатлоны тэмцээн уралдаан эргэн ирж байгаа ч манай орны хувьд УОК, НОК, АОК-уудын шийдвэрийг дагах нь ойлгомжтой. Тамирчид маань гадагш тэмцээнд явья гэхэд хилийн хорио, онгоц болон тээврийн асуудал хүнд хэвээрээ байна. Бэлтгэлийн хувьд хорьж саатуулсан зүйл үгүй ч усан бассейнүүд дэлхийн ихэнх оронд хаалттай байгаа юм. Тиймээс триатлончид зөвхөн гүйлт, дугуйн бэлтгэл, мөн сэлэлтийн хуурай бэлтгэлийг хийж ирлээ.


-Олон улс, дэлхий нийтэд ямар хандлага, туршлага, хэтийн төлөв, зорилт ямар байгаа бол?


-Дэлхийн триатлоны холбоо нь гишүүн холбоод, тамирчиддаа COVID-19-ийн үед хэрхэн ажиллах талаар байнга мэдээлж, чиглүүлж байгаа. Тамирчдынхаа аюулгүй байдал, эрүүл мэндийг жирийн үед ч тэргүүн эгнээнд авч үздэг байсан нь улам бүр ахисан нь мэдээж. Эдгээр зөвлөмж, мэдээллийг өөрийн орны УОК, эрүүл мэнд, спортын байгууллагуудын чиглэл шийдвэртэй уялдуулж ажиллах шаардлагатай.



Монголын боксын холбооны Дасгалжуулагчдын зөвлөлийн дарга, “Ширэн бээлий” боксын клубийн дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Д.Төрбат: “Ганцаарчилсан болон багийн спортын тамирчдын бэлтгэл сургуулилтыг найдвартай хийх арга нь баг тамирчид бүрэн тусгаарлагдаж хотоос зайдуу цугларалтад гарч бэлдэх нь чухал юм байна. Хэрэв тэмцээн уралдаан зохион байгуулах бол үзэгчгүй явуулах туршлагыг хэрэгжүүлбэл халдвараас сэргийлэхэд илүү оновчтой. Тухайн тамирчид байрлаж байгаа газар болон тэмцээн уралдаан болж буй ордон, цэнгэлдэхэд  гадны хүн нэвтрүүлэхгүй эсвэл ПСР/PSR/-ийн шинжилгээ өгсөн хүнийг л цөөн тоотой оруулах гэх мэт олон улсын жишгээр зохион байгуулж сурах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна.



ДЦС-4 ТӨХК-ийн волейболын “Эрчим” клубийн ахлах дасгалжуулагч Б.Даринчулуун:Ковидтой үед гадаадын улс орнуудын багууд хэрхэн бэлтгэл сургуулилт хийж байгаа арга барил болон тэмцээн уралдаан зохион байгуулж буй туршлагаас судалж бэлтгэл сургуулилтаа явуулах хэрэгтэй байна. Энэ талаар Монголын волейболын холбоо түлхүү анхаарч ажиллан бидэнд ийм боломжийг олгох хэрэгтэй. УОК-ын зөвшөөрөлгүйгээр бид бүхэнд ямар нэг гарц, гаргалгаа байхгүй байна. Өнөөг хүртэл Монголын волейболын холбооны хувьд үндэсний шигшээ баг гэж байхгүй л байгаа. Үнэн хэрэгтээ бид цаашдаа Зүүн Ази болон Ази тивийн хэмжээний тэмцээнд оролцоно гэсэн зорилго, зорилт байгаа бол гарах гарц, гаргалгаа нь олдох л ёстой. Хийе гэсэн хүнд бүх зүйл боломж болж харагддаг бол хийхгүй хүнд бүх зүйл бэрхшээлтэй гэж л харагддаг. Миний хувьд өнөөдөр болж өгвөл багийнхаа тамирчдад хувийн бэлтгэлээ хэрхэн хийх талаар заавар зөвлөгөө өгч, гэрийн нөхцөлд болон ганцаарчилсан үед хийж болох дасгал, заавраар хангахыг хичээн ажиллаж байна. Тамирчид эргээд үндсэн формдоо ороход нэлээд цаг хугацаа шаардахаас гадна тамирчнаас чамгүй их хөдөлмөр, зүтгэл шаарддаг. Энэ байдлыг хөнгөвчлөх үүднээс бэлтгэлээ үргэлжлүүлэх боломжтой, бас зорилго тэмүүлэлтэй тамирчдад заавар зөвлөгөө өгч туслахыг хичээж байна. Цаашдаа өнөөгийн нөхцөл байдалд дасан зохицсон нэгдсэн бодлого спортын бүх төрөлд зайлшгүй хэрэгтэй байгаа юм.


Энд санал бодлоо хуваалцсан нөхдийн сэтгэгдлийг нэгтгэн дүгнэхэд, тамирчдын бэлтгэл сургуулилт болон уралдаан, тэмцээнийг хэрхэн тогтмол тасралтгүй зохион байгуулж, нөхцөл байдалтай дасан зохицсон өөрчлөлт хийх талаар тамирчид, багш дасгалжуулагчид, эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд болон иргэд, спорт сонирхогчдыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байж л оновчтой нэгдсэн шийдвэрт хүрэх нь тодорхой юм байна. 

Холбоотой мэдээ