Халдвар авсан 28 иргэн эдгэрч, эмнэлгээс гарчээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-13 11:41:17

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 349 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 3-аар нэмэгдэж, нийт 131 боллоо.  

Энэ сарын 13-ны өдрийн байдлаар “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэдийг эмчилж байсан нэг эмч, тусгаарлалтад байсан нэг эмчээс коронавирусний халдвар илэрчээ.

Мөн нэг тохиолдол нь Эрдэнэбүрэн сумын харьяат иргэн. Тухайн иргэн нь аймгийн төвд буяны ажилд оролцсон байна. Аймгийн Онцгой байдлын газар, Шуурхай штабын шаардлагаар зохих шинжилгээнд хамруулахад халдвар авсан болох нь батлагджээ.

Халдварын голомтыг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд тандалт судалгаа хийж байна.

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс ирүүлсэн мэдээгээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т 101 хүн хэвтэн эмчлүүлж байна. Халдвар авсан хоёр иргэнийг өнөөдөр тээвэрлэнэ.

Одоогоор 14 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. Нийт 28 иргэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. 

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд нэгдүгээр хавьтлын 72 иргэн тусгаарлан ажиглах байранд, 205 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Мөн 15 иргэн эмнэлгийн орчинд, 49 иргэн ажлын байрандаа тус тус тусгаарлагдсан бол нийт 633 иргэн гэрийн ажиглалтад байгаа аж. 

Холбоотой мэдээ