Монголбанк мэдэгдэл гаргалаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2021-04-13 13:23:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк  “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн талаар мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд: Монголбанк нь банк, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд Засгийн газрын хоёрдугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хамтран хэрэгжүүлж байна. 


Хөтөлбөрийн “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг шаардлага хангасан хуулийн этгээд, иргэдэд банкны чөлөөт эх үүсвэрээр хүүгийн дэмжлэгтэй олгоход Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд заасан Засгийн газрын санхүүгийн зуучлагч, банканд хяналт тавих чиг үүрэгтэйгээр холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа. 


Эдийн засгийг сэргээх, ажлын байрыг хадгалахад үүрэгтэй үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчийн үйл ажиллагааг эргэлтийн хөрөнгө, зээлийн дахин санхүүжилтийн эх үүсвэрээр дэмжих зорилготой тус хөнгөлөлттэй санхүүжилтийн ашиглалт, зарцуулалт, тайлагналын тогтолцоог банкны дотоод хяналт, Сангийн яам, Монголбанкны хамтарсан шалгалт, хууль сахиулах эрх бүхий байгууллагын оролцоотой бүрдүүлж байна.

Тухайлбал, “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн зориулалт бусаар ашиглах, ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, зээлдэгч, зээл олгож байгаа банкны үйл ажиллагааг хянахаар Ажлын байрыг дэмжих зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг банкуудтай байгуулсан. Сангийн яам, Монголбанк хамтран энэ оны 3 дугаар сарын 19-нд “Ажлын байрыг дэмжих зээлийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих журам”-батлан хэрэгжүүлж байна.


Мөн Сангийн яамнаас МҮХАҮТ, эдийн засгийн тодорхой салбаруудын төлөөлөл болох ТББ, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн хөндлөнгийн, хараат бус хяналтын зөвлөлийг байгуулна. Түүнчлэн, Монголбанк, Сангийн яамнаас зээл олголт, зээлийн зарцуулалтад тогтмол шалгалт хийх болно.


“Ажлын байрыг дэмжих зээл”-ийг зориулалт бусаар ашиглаж зөрчил гаргасан тохиолдолд зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцлах, хүүгийн дэмжлэггүй зээлд шилжүүлэн, зээлийг нэн даруй буцаан төлүүлэх, төрд учруулсан хохирлыг шаардах бөгөөд холбогдох хууль сахиулах эрх бүхий байгууллагаар шалгуулж, хуульд заасан хариуцлага хүлээлгэх болно” гэжээ.


Зээл олгохтой холбоотой аливаа санал, гомдол, хүсэлт мэдээллийг доорх утсаар хүлээн авах аж.

 Монголбанк:                          +976-11-310081

Хаан банк:                             +976-18001917

Төрийн банк:                         +976-18001881

Голомт банк:                          +976-18001646          

Худалдаа хөгжлийн банк:    +976-19001977

Хас банк:                                +976-18001888

Капитрон банк:                     +976-18002020          

Тээвэр хөгжлийн банк:        +976-77169999          

Кредит банк:                          +976-18001808

Богд банк:                              +976-75771199

Холбоотой мэдээ