“Аз жаргалтай гэр бүл” үйлчилгээний үр дүнд 60 гаруй өрхийн амьжиргаа дээшилжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-04-13 16:33:26

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын “Аз жаргалтай гэр бүл” хөгжлийн үйлчилгээний үр дүнд хоёр жилд 63 өрхийн амьжиргаа дээшилсэн байна.

- Гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр энэ үйлчилгээг аймгийн 16 сум, нэг тосгонд гурав дахь жилдээ зохион байгуулж нийт 600 гаруй зорилтот бүлгийн өрхөд хүрч ажиллаж байна.  Жилд  300 өрхийг сонгон авч, гарааны нөхцөлийг тодорхойлон, хөгжлийн төлөвлөгөө боловсруулж үр дүнг нь үнэлдэг хөтөлбөр юм гэж аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Баярбат ярилаа. Өнгөрсөн онд 277 өрхийн хөгжлийн төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлснээр байнгын ажлын байранд 15, түр ажлын байранд 83 иргэн зуучилж, хоёр өрх гэр, хоёр өрхийг газартай болгожээ. Мөн эрүүл мэндийн үйлчилгээнд 101 өрхийн 212 гишүүн, гэр бүлийн харилцаа хандлагад нөлөөлөх сургалтад 316 насанд хүрэгч,  254 хүүхэд, амьдрах ухааны сургалтад  84 иргэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт 39 өрх хамрагдсан байна.

 Хөгжлийн үйлчилгээнд хамрагдсан 63 өрхийн орлого нэмэгдэж, амьдралын чанар дээшилж, 44 өрхийн архины хэрэглээ буурч, гэр бүлийн гишүүдийн нийгмийн идэвх оролцоо нэмэгдэн,  28 өрхийн амьдрах орчин нөхцөл сайжирсан үр дүн гарсан гэж тус газар дүгнэжээ.    

Холбоотой мэдээ