“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэхэд бэлэн боллоо

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-04-13 17:20:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил дууслаа.


Сүхбаатар дүүргийн 9-р хороонд барих Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ыг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр босгох юм. Төслийн хүрээнд 84833,6 м2 талбай бүхий  21 давхар, зоорьтой, найман блок барилга, авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга барина.


Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай төсөл хэрэгжүүлэх “Албан протокол”-д 2019 оны 7 дугаар сард гарын үсэг зурж, ТЭЗҮ, ажлын зураг төслийг БНХАУ-ын талд хүлээлгэн өгчээ. Төсөл хэрэгжүүлэх нэгж БНХАУ-ын Төслийн менежментийн баг тендэр зарлан, “Хятадын 2 дахь Металлурги групп корпорац” ХХК-ийг ерөнхий гүйцэтгэгчээр шалгаруулснаар гэрээ байгуулан ажиллаж байгааг БХБЯ мэдээлэв.




Төсөл хэрэгжих барилгын талбай дээрх 37 нэгжээс төслийн барилгын талбайд орсон 11 айлтай гурван талт гэрээ байгуулжээ. Мөн долоон айл газар чөлөөлж, дөрвөн айлын газар чөлөөлөлтийн гэрээг холбогдох газраар хянуулан, энэ сард багтан нүүлгэж, газрыг ариутган, цэвэрлэх аж.


Барилгажих талбайн орц чөлөөлөх, дэд станц зөөх, шилжүүлэх, түр цахилгаан буюу барилгын 2-р эх үүсвэрийн ажлыг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, “Улаанбаатар электро монтаж” ХХК-ийг сонгон гэрээг байгуулжээ.


Бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл болох автобусны буудал шилжүүлэх, орц гарцыг хийгээд байна. Тодруулбал, "Мос говь" ХХК “Цагаан байрны зүүн талын автобусны буудал шилжүүлэх орц, гарц гаргах”-ыг стандартын дагуу хийснийг өнгөрсөн онд хүлээн авчээ. Мөн буурь, хөрс, суурь хөрсний ус шүүрүүлэх ажлыг Усны эрчим ХХК өнгөрсөн сарын нэгнээс эхэлсэн бөгөөд барилгын талбайд хяналтын цооног өрөмдөх, усны ундарга тогтоох, дүгнэлт гаргажээ. 

Холбоотой мэдээ