“Johnson & Johnson”-ы вакциныг АНУ-д хэрэглэхийг зогсоож, ЕХ-ны орнуудад нийлүүлэхийг хойшлуулжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-04-14 09:55:45

ВАШИНГТОН. /TASS/.  Мягмар гарагт АНУ-ын зохицуулах байгууллагууд “Johnson & Johnson” компанийн коронавирусний вакциныг хэрэглэхээ түр зогсоохыг зөвлөснөөс хэдэн цагийн дараа тус компани вакцинаа Европын орнуудад нийлүүлэхээ хойшлуулж байгаагаа мэдэгджээ. Энэ нь вакцин тариулсан хүмүүст цусны бүлэн үүссэн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой байна. 


“Johnson & Johnson”-ы вакциныг АНУ-д хоёрдугаар сарын 27-нд бүртгэсэн бол Европын Холбоо /ЕХ/ гуравдугаар сарын 11-нд хэрэглэхийг зөвшөөрсөн юм. Одоогийн байдлаар АНУ-д уг вакцинаас 6.8 сая гаруй тунг хэрэглэчихсэн байгаа бол ЕХ руу энэ долоо хоногт нийлүүлж эхлэхээр төлөвлөж байжээ.


Уг вакциныг хийсний дараа ховор болон хүнд хэлбэрийн цусны бүлэн үүссэн зургаан тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын байгууллага (FDA) болон Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төв (CDC) энэ вакциныг хэрэглэхээ түр зогсоохыг дөрөвдүгээр сарын 13-ны мягмар гарагт зөвлөсөн байна. Тус улсын Дархлаажуулалтын асуудлаарх зөвлөх хороо болзошгүй аюулд цаашид дүн шинжилгээ хийж, үнэлэлт өгөхөөр лхагва гарагт хуралдахаар болжээ.


Вакциныг хэрэглэхийг зогсоосон нь АНУ-ын вакцинжуулалтын явцад ноцтой нөлөө үзүүлэхгүй гэдгийг Цагаан ордон мэдэгдсэн байна.


Долоо хоногийн өмнө Колорадо, Хойд Каролина мужуудад хэдэн арван хүндрэл ажиглагдсаны дараа “Centura Health” компанийн вакцинжуулалтын төвүүд “Johnson & Johnson”-ы вакциныг хэрэглэхээ зогсоосон юм. Вакцин хийлгэсний дараа ихэвчлэн толгой эргэх, дотор муухайрах шинж тэмдэг илэрчээ. Тухайн үед CDC-ийн мэргэжилтнүүд шалгалт явуулсан бөгөөд санаа зовох шалтгаан байхгүй гэж мэдэгдсэн байна.


Европын Эмийн агентлаг (EMA) мөн болзошгүй хүндрэлийг судалж байгаагаа өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдэгдсэн байна. Америкийн мэргэжилтнүүдийн шийдвэрийн дараа EMA ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй боловч вакциныг гарган авагч өөрөө Европт вакцинаа хэрэглэхийг хойшлуулахаар шийдлээ.


АНУ, ЕХ-ноос гадна, “Johnson & Johnson”-ы вакциныг Бахрейн, Бразил, Канад, Колумб, Таиланд, ӨАБНУ, БНСУ, Швейцар зэрэг улсад хэрэглэхийг зөвшөөрчээ. Эдгээр улсын зохицуулах байгууллагууд вакцины аюулгүй байдал, хэрэглээний талаар одоогоор мэдэгдэл хийгээгүй байна.


Үүнээс гадна, “Johnson & Johnson”-ы вакциныг олон улсын COVAX механизмаар нийлүүлэхийг зөвшөөрчээ.

Холбоотой мэдээ