Зэрлэг ан амьтан ундаалах худгийг иргэд өөрсдөө санаачлан гаргажээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-04-14 10:16:28

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт зэрлэг ан амьтан ундаалах худгийг иргэд өөрсдөө санаачлан гаргажээ. 

Тус аймгийн хувьд өнгөрсөн жил хур бороо бага орсны улмаас бэлчээрийн гарц муу, өвөл, хавартаа зутруу байгаа юм.

Ноён сумын иргэн Д.Өнөрбаяр "Ноёын сумын нутаг Ар цайз гэх газарт гүний цооног ашиглаж ан амьтан услах зориулалтын худгийг гаргасан. Аймгийн төвөөс манай найз Батсүх хэрэгтэй материалуудыг авч ирж бид уг ажлыг хийлээ. Зэлүүд газарт байгаа аргаль, янгир, зээр зэрэг ан амьтныг ундаалах зорилготой юм" гэлээ. 

Гантай байсны улмаас малчдын отор нүүдэл их болж зэрлэг ан амьтад хилийн бүс орчим руу шахагдсан тул ундаалах ус хомс болсон байна. Байгаль орчин аялал жуулчлалын газрын Биологийн төрөл зүйлийн нөөцийн хамгаалал, байгаль хамгаалах ТББ хариуцсан мэргэжилтэн Т.Пунсанцогвоо "Энэ жилийн хувьд цагийн байдал хүнд байгаа учраас нэн ховор, ховор төрөл зүйлийн ан амьтдыг эрсдэлд орохоос хамгаалж иргэд болон аж ахуй нэгжүүд биотехникийн арга хэмжээг авч ажиллаж байна. Аймгийн хэмжээнд ан амьтанд зориулан орон нутгийн төсвөөр гаргасан 11 худаг байдаг. Энэ онд чухал шаардалагатай байгаа Хүрмэн, Баян-Овоо сумдад худаг гаргахаар төлөвлөсөн байгаа" гэлээ. 

Холбоотой мэдээ