Монгол Улс өнгөрсөн сард 121 улстай худалдаа хийжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2021-04-14 11:30:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхний улиралд 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3,5 тэрбум, үүнээс экспорт 2 тэрбум, импорт 1,5 тэрбум ам.долларыг эзэлж байна.


Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1,3 (60,4 хувь) тэрбум, экспорт 964,6 (93,1 хувь) сая, импорт 362,1 (31,2 хувь) сая ам.доллароор нэмэгджээ.


Харин өнгөрсөн сард экспорт 665,8 сая, импорт 601,4 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас экспорт 28,8 (4,1 хувь) сая ам.доллароор багасаж, импорт 138 (29,8 хувь) сая ам.доллароор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 34,3 хувийг чулуун нүүрс, 33,6 хувийг зэсийн баяжмал, Сингапур улсад экспортолсон барааны 96,6 хувийг чулуун нүүрс, ОХУ-д экспортолсон барааны 41,1 хувийг жонш эзэлжээ.


Экспорт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 964,6 сая ам.доллароор өсөхөд зэсийн баяжмалын экспорт 269,9 сая, нүүрсний экспорт 439,4 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөллөө. Харин экспорт өмнөх сарынхаас 28,8 сая ам.доллароор буурсан нь зэсийн баяжмалын экспорт 25,9 сая ам.доллароор багассантай холбоотой аж.

Холбоотой мэдээ