ДЭМБ амьд амьтдыг зах дээр худалдаалахгүй байхыг уриалжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-04-14 13:13:43

ЖЕНЕВ. /VOA/. Шинэ халдварт өвчин хүнд дамжин тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд амьд, зэрлэг хөхтөн амьтдыг хүнсний зах дээр худалдаалахаа зогсоохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ тэргүүтэй гурван байгууллага дэлхийн улс орнуудад мягмар гарагт уриалав.


Мөн хөхтөн амьтад нь ийм төрлийн өвчний 70 гаруй хувийнх нь эх үүсвэр байж болзошгүйг ДЭМБ, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр анхааруулжээ.


ДЭМБ-ын шинжээчдийн баг шинэ коронавирусний гарал үүслийг тогтоохоор БНХАУ-ын Ухань хотод ажилласны дараа хүнсний олон улсын системийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах тухай энэхүү зөвлөмж гарч байна.


COVID-19”-өөр халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн Уханийн Хуанань захад очсон шинжээчид шинэ коронавирус сарьсан багваахайнаас хүнд өөр амьтнаар дамжин халдварласан байх магадлалтай байна гэж мэдээлсэн юм.



“Бид ийм зөвлөмжийг анх удаа өгч буй нь энэ биш боловч “COVID-19” нь шинэ халдварт өвчин амьтнаас хүнд дамжиж болзошгүйд түлхүү анхаарал хандуулах ёстойг харуулж байна” ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Фадела Чайб мягмар гарагт мэдээлжээ.


“Энэхүү зөвлөмж нь “COVID-19” болон бусад зоонозын өвчин хүнсний зах дээр тархах эрсдэлийг бууруулах зорилготой” гэдгийг дээр дурдсан байгууллагууд мэдэгдсэн байна.


Мөн хүнсний захууд ажилтан, үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд эрүүл ахуйн өндөр шаардлагуудыг дагаж мөрддөгийг зөвлөмжид онцолсон боловч амьд зэрлэг амьтныг худалдаалах, нядлахыг зөвшөөрсөн тохиолдолд томоохон асуудал үүсэж болзошгүйг анхааруулжээ.


“Зэрлэг амьтдыг зах дээр тор, хашаанд байлгаж, нядлах үед тухайн газар амьтдын шингэн, ялгадас зэргээр бохирддог тул ажилтнууд, үйлчлүүлэгчдэд өвчин үүсгэгч дамжих эрсдэл нэмэгддэг” гэж ДЭМБ-ын зөвлөмжид дурдсан байна.


Тиймээс хүнсний захуудад мөрдөх эрүүл ахуйн шаардлагуудыг дээшлүүлж, зэрлэг амьтдыг өсгөн үржүүлж, худалдаалахтай холбоотой хяналтыг чангатгахыг ДЭМБ, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр зөвлөжээ. 


Мөн хүнс, мал эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг нэмэгдүүлж, амьтны вирусний тархалтын хяналт шалгалтыг сайжруулж, захын ажилтнууд, үйлчлүүлэгчдэд чиглэсэн хүнсний аюулгүй байдлын талаарх ойлголтыг сайжруулах аян өрнүүлэхийг уриалсан байна. 

Холбоотой мэдээ