Хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэн 2,7 хувиар нэмэгдэв

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-04-14 15:35:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад энэ оны эхний улирлын байдлаар гадаадын 89 улсын 4,4 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөрлөж, мөн сайн дурын ажил хийж байна.


Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 118 (2,7 хувь), өмнөх улирлынхаас 394 (9,8 хувь) хүнээр нэмэгджээ. Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 3,8 (86,5 хувь) мянга нь эрэгтэй, 0,6 (13,5 хувь) мянга нь эмэгтэй аж.


Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 53,6 хувь нь БНХАУ, 5,6 хувь нь ОХУ, 4,8 хувь нь БНСУ, 4,5 хувь нь Австрали, 3,9 хувь нь Вьетнам, 3,4 хувь нь АНУ, 3 хувь нь Өмнөд Африк, 3 хувь нь БНЭУ, 2,7 хувь нь Филиппин, 2,2 хувь нь Их Британи, 1,7 хувь нь Канад, 1,2 хувь нь Япон улсын, 10,4 хувь нь бусад орны харьяат байв.


Энэ оны эхний улиралд манай улсад ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 1,6 (36,1 хувь) мянга нь уул уурхай, олборлолт, 829 (18,7 хувь) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 610 (13,8 хувь) нь боловсрол, 540 (12,1 хувь) нь барилга, 398 (9 хувь) нь боловсруулах үйлдвэрлэлийн, 163 (3,7 хувь) нь тээвэр, агуулахын чиглэлд,  121 (2,7 хувь) нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны, 173 (3,9 хувь) нь бусад салбарт ажиллаж байна.


Өмнөх улирлынхтай харьцуулахад, тодруулбал боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажил эрхэлж буй гадаадын иргэд 76 (23,6 хувь) хүнээр, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 141 (20,5 хувь) хүнээр олширсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Холбоотой мэдээ