Голомтот бүс нутгаас ирсэн 171 иргэн гэрийн ажиглалтад байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-04-14 16:43:50

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон голомтот бүс нутгаас ирж, гэрийн ажиглалтад байгаа 171 иргэн байна. 


Үүнээс аймгийн төв Есөнбулаг суманд 107, Алтайд 7, Дэлгэрт 5, Гуулинд 2, Бигэрт 7, Цогтод 4, Цээлд 14, Төгрөгт 4, Жаргаланд 1, Тайширт 6, Халиунд 3, Шаргад 1, Бугатад 2, Баянтооройд 3, Чандманьд 3, Эрдэнэ суманд 2 иргэн гэрийн ажиглалтад байгаа ажээ.

Түүнчлэн Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн тохиолдлын нэгдүгээр хавьтагч 1, хоёрдугаар хавьтагч 3 байгаа бөгөөд эдгээр иргэдийн эхний шинжилгээ бүгд сөрөг гарсан тухай аймгийн ЭМГ-аас мэдээлэв. 

“Хэдийгээр хөл хорио тавьж орон нутаг руу оруулахгүй гэсэн шийдвэр гарсан ч өдөрт 20-30 иргэн голомтот бүс нутгаас ирж байна. Эдгээр иргэд эрүүл мэнд болон ар гэрийн гачигдлын улмаас PCR шинжилгээ өгөн Улсын онцгой комиссоос зөвшөөрлийн бичигтэй нэвтэрч байгаа. Бид аймаг руу нэвтрүүлэхдээ түргэвчилсэн оношлуурын шинжилгээ авч байгаа” хэмээн аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Улаанбаатар хот болон хил залгаа бусад аймагт халдварын тоо нэмэгдэн бүртгэгдсээр байгаа тул иргэд гэрийн ажиглалтын дэглэмийг чанд сахиж, бусдын эрүүл амьдрах эрхийг хүндэтгэн, холбогдох газраас өгч буй зөвлөмжийг чанд сахихыг Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.

Улаанбаатар хотоос болон голомтот бүсээс ирсэн иргэн бүр долоо хоног гэртээ тусгаарлагдана, мөн гэр бүлийн бүх гишүүн ажил, сургуульдаа явахгүй 7 хоног хамт гэртээ байж, эрсдэлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг уриаллаа. Гэрийн ажиглалтад байгаа иргэн:

1. Гэртээ байнга амны хаалттай байх, бага насны хүүхдийг тэвэрч, үнсэхгүй байх;

2. Гэрийнхэнтэйгээ 1.5-2 метрийн зайд байх;

3. Гараа сайтар савандаж угааж, халдваргүйжүүлэх;

4.Тусдаа аяга, халбагатай байх, хоол идсэний дараа аяга, халбагаа өөрөө угааж цэвэрлэх;

5. Сайтар унтаж амрах;

6. Элдэв сөрөг мэдээлэлд автахгүй, тайван байх;

Холбоотой мэдээ