Улсын хэмжээнд ЭМД-аар телемедицин үйлчилгээ үзүүлдэг 6 эмнэлэг байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
dusem11@yahoo.com
2021-04-15 09:39:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд Эрүүл мэндийн даатгалд гэрээтэй үйл ажиллагаа эрхэлдэг эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна.


Улсын хэмжээнд хэвтүүлэн эмчилж, энэлгийн тусламж, үйчилгээ үзүүлдэг эмнэлэг 215 байдаг. Мөн амбулаторийн үзлэг эмчилгээ, оношилгоо, шинжилгээ өгөх эмнэлэг болон төв 71, өндөр өртөгтэй оношилгооны эмнэлэг 52, яаралтай тусламжийн эмнэлэг 56, түргэн тусламжийн эмнэлэг 37 байна.



Харин телемедицин үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг 6, өдрийн эмчилгээ, үйлчилгээ 68, диализ 47, хорт хавдрын химийн өдрийн эмчилгээ 34, сэргээн засах тусламж, үйлчилгээ 46, хөнгөвчлөх эмчилгээ 54, уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг 68, УСЭИҮОШ /Насны багцын үзлэг, оношилгоо, шинжилгээ/ 91, Элэгний В, С вирусний идэвхжил тодорхойлох шинжилгээг 11 эмнэлэгт хийдэг юм байна. 


Ташрамд танилцуулахад, Телемедицин гэж юу болох гэдэг талаар та бүхэнд товч танилцуулж байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн эрин үеийн нэг ололт бол Телемедицин үйлчилгээ юм. Зайнаас эмчийн зөвлөгөө авах, эмнэлгийн мэргэжилтнүүд хоорондоо зөвлөлдөх, мэдээллийг дамжуулах үйл ажиллагааг Телемедицин гэж энгийнээр ойлгож болно.


Телемедициний давуу талууд:


Гадаад улсыг зорилгүйгээр гадны төрөлжсөн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах боломжтой. Заавал биеэр гадаадад зорчихгүй тул цаг хугацаа болон эдийн засгийн ихээхэн хэмнэлттэй.


Оношийн хоёрдогч баталгаажилт хийлгэхийг хүсвэл мэдээллээ хүргүүлээд хийлгэх боломжтой.


Монгол Улсад сул хөгжсөн чиглэлүүдээр төрөлжсөн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах давуу талтай.


Хэвтрийн, хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл алслагдсан орон нутгийн иргэн, эмнэлэгт биеэр ирэхэд хүндрэлтэй өвчтөнүүд зөвлөгөөг байгаа газраасаа авах боломжтой.


Ямар төрөлжсөн мэргэжлийн эмч нараас сонгож болох вэ?


Зүрх судас, хоол боловсруулах эрхтэн, амьсгалын зам, дотоод шүүрэл, элэг, цөс, нойр булчирхай, бөөр шээсний зам, үе мөч, хэрх судлал, мэдрэлийн эрхтэн тогтолцоо, чих, хамар, хоолой, мэс засал гэх мэтээр төрөлжсөн байдаг аж. Мэс засал дотроо ерөнхий мэс засал, цээжний хөндийн мэс засал, бөөрний мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах, судас, хавдрын мэс засал зэрэг олон төрлийн чиглэлээр мэргэжлийн эмч нараас сонгон зөвлөгөө авах боломжтой.



Холбоотой мэдээ