Улсын хэмжээнд мал бүртгэлжүүлэлтийг эрчимжүүлнэ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-04-16 13:13:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас "Мал бүртгэлжүүлэх аян" зохион байгуулж байна.


Аяныг хавар (3-р сарын 20-ноос 5-р сарын сарын 20), намрын (9-р сарын 20-ноос 11-р сарын 20) технологит хугацаанд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.


Энэ нь мал сүргийг бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, баяжуулах, хяналт тавих тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх мөн улсын хэмжээнд мал сүргийг хувийн дугаартай болгож, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, мал бүртгэлжүүлэх ажлын үр дүн, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилготой аж.


Аяны хүрээнд 21 аймгийн 183 сумын 2970 малчин өрхийн баталгаажсан үүлдэр, омгийн малын цөм сүрэг болох 290,2 мянган малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх, цөм, үржлийн сүргийн шаардлага хангасан 213,1 мянган хээлтүүлэгч, шинээр нөхөн тавьсан өсвөр хээлтүүлэгчийг ялган тэмдэглэж, Малын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд оруулах юм.


Түүнчлэн, нийслэл, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Орхон, Хэнтий зэрэг төв болон газар тариалангийн бүсийн 5 аймгийн 110,2 мянган үхрийг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлээд, мэдээллийн нэгдсэн санд оруулах, мал бүртгэлжүүлэхийг шат дараатай, төрөлжүүлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.


Манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе буюу 1959-1992 онд малыг бүртгэлжүүлснээр улсын хэмжээнд таван төрлийн мал сүргийг өсгөн үржүүлэх нэгдсэн бодлого боловсруулах, бүс нутагт ямар төрлийн мал үржүүлэх, сайжруулагчаар ямар үүлдэр, омгийн мал ашиглах, хэрэгцээний эрлийзжүүлэгт ямар үүлдрийг сонгох, мах үйлдвэрлэлийг нэмэхийн тулд бордооны цэгийг хаана байгуулах зэргийг төлөвлөн , төрийн бодлого боловсруулж байв


Малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх нь малчид, мал аж ахуйн  салбарын бодлого зохицуулалтад чухал ач холбогдолтой юм. 


 

Холбоотой мэдээ