Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлж байна

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-04-16 13:27:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн багийнхантай цахимаар уулзан, төслийн явц, хэрэгжилттэй танилцав.


Төслийн эхний шат 2015 оноос 10 аймгийн Тусгай хамгаалалттай газар нутгийн 11 Хамгаалалтын захиргаанд хэрэгжиж эхэлжээ. Эдгээр аймагт төсөл хэрэгжсэнээр тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, орон нутгийн ард, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх хүрээнд биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа.


Одоогоор байгаль орчны салбарт гадаадын хөрөнгө оруулалттай 20 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа. Үүний нэг нь ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгуудын менежментийг сайжруулах “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төсөл юм.


Уулзалтын үеэр БОАЖ-ын сайд энэ төсөл ТХГН-ийн Хамгаалалтын захиргаад, байгаль хамгаалагчдад үр өгөөжөө өгч байгаа ч учир дутагдалтай, анхаарах шаардлагатай хэд хэдэн зүйл байгааг онцлов. Тухайлбал, байгаль хамгаалагчдын орон сууц болон сургалт мэдээллийн төвийн ариун цэврийн байгууламж, байгаль хамгаалагчдын дүрэмт хувцасны стандарт зэрэгт анхаарах хэрэгтэйг дурджээ. 

Холбоотой мэдээ