Францад хүүхдийг хүчирхийллээс хамгаалах шинэ хууль батлагджээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-16 14:00:44

ЛОНДОН. /Reuters/. Францын парламент 15 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орохыг хүчингийн хэрэгт тооцож, 20 хүртэлх жилээр шоронд хорих ял оноохыг тусгасан хуулийг пүрэв гарагт баталжээ.

“Энэ бол бидний үр хүүхэд, нийгэмд зориулсан хууль юм. Насанд хүрсэн хүмүүс 15 нас хүрээгүй хүнээс бэлгийн харьцаанд орохыг шаардаж болохгүй” хэмээн Францын Хууль зүйн сайд Эрик Дюпон-Моретти Үндэсний хуралд хандан хэлсэн байна. 

Энэ хуулийг баталснаар Франц улс эрүүгийн хуулиа өрнөдийн бусад орнуудын хууль тогтоомжтой нийцүүлж байна.

Францад өмнө нь насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хүнийг хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдуулан буруутгадаг байсан ч прокуроруудын зүгээс сайн дураараа бэлгийн харьцаанд ороогүй гэх нотолгоог шаарддаг байжээ.

Романтик байдлын тод илэрхийлэл болсоор ирсэн Францад эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхдэд үйлдэгдсэн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүд олон жилийн турш олны анхааралд өртөхгүй байсаар иржээ. Түүнчлэн эрх мэдэлтнүүд, алдартнуудын дунд иймэрхүү хэргүүдийг ил тод авч хэлэлцдэггүй байсан аж.

Гэсэн ч сүүлийн жилүүдэд ийм төрлийн хэргийг нухацтай авч үзэх болсон байна. Америкийн кино продюсер Харви Вайнштейныг 2017 онд олон эмэгтэй бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгаж, “#MeToo” хөдөлгөөн дэлхий дахинд дуу хоолойгоо хүргэх болсноор Францад эргэлт, өөрчлөлтийн эхлэл тавигдав. Тийнхүү 2018 онд хууль тогтоомжоо чангатгаж, гудамжинд эмэгтэйчүүдийг доромжлох, биед нь халдсан хүмүүст торгууль ногдуулах замаар хүчирхийлэлтэй тэмцэх болжээ.

Холбоотой мэдээ