“Тэргүүлэх салбаруудад хэрэгжүүлэх 100 төсөл, үйл ажиллагаа”-г эрэмбэлнэ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-04-16 14:35:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Тэргүүлэх салбаруудад хэрэгжүүлэх 100 төсөл, үйл ажиллагаа”-ны хүрээнд олон улсын санхүүжүүлэгч байгууллага, хувийн хэвшил, салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй зөвлөлдөх цуврал уулзалт зохион байгуулж байна.


Үндэсний хэмжээний, хэтийн хөгжилд нөлөөлөхүйц “Тэргүүлэх салбаруудад хэрэгжүүлэх 100 төсөл, үйл ажиллагаа-г олон улсын түвшинд нийцсэн нотолгоонд суурилсан аргачлалаар эрэмбэлэхдээ эдийн засгийн өгөөжөөс гадна нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, хүн амд хүртээмжтэй  үзүүлэлтийг харгалзан үзжээ.


ЗГХЭГ, СЯ, ҮХГ хамтран 3 үе шатаар, 3 хувилбараар гаргасан энэ эрэмбэ нь урт хугацаанд манай улсын хөгжлийн дүр зургийг гаргах, цаашлаад хэрэгжүүлэлтийг хурдасгах зорилготой. Энэ хүрээнд зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 13, 15-нд цахимаар зохион байгуулав.


Эдгээр уулзалтад НҮБ, ОУВС, АХБ, Дэлхийн банк зэрэг олон улсын арваад байгууллагын 40 гаруй төлөөлөл, төр хувийн хэвшлийнхэн оролцов. Тэд түүхий нүүр дээр суурилсан төслийг санхүүжүүлэх өртөг өндөр тухай, мөн төслүүдийн бэлэн байдлыг хангахдаа байгальд ээлтэй, ногоон шалгуур тавихын чухлыг хэлэлцжээ. Хувийн хэвшлийнхэн төрийн байгууллага ийнхүү хөгжлийн бодлогоо хуваалцаж, хувийн хэвшилтэй хамтрах, бодлогын дэмжлэгийн боломжийн тухай ярилцаж байгаа нь сайшаалтай шинэлэг хандлага  гэдгийг онцолж байв.




Энэ үеэр “Эм Си Эс группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин,  Мандал Санхүүгийн нэгдлийн ерөнхийлөгч Ө.Ганзориг нар төслүүдийн хэрэгжилтэд санхүүгийн шинэлэг боломжийг анхаарч, төр хувийн хэвшлийн хамтран ажиллах боломжийг судлах, бодлогын залгамж халаа тогтвортой байдлыг эрхэмлэхийг дурдлаа. Түүнчлэн, “Гэрэгэ компанийн захирал Н. Энхжаргал төр, хувийн хэвшилтэй өрсөлдөх ёсгүйг, АмЧам худалдааны тэнхимийн Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс төслүүдийг улс төржилтүүлэхгүй үргэлжлүүлэхийг хөндөж байлаа.


ОУБ-ын төлөөллүүд төслийн эрэмбийг сайшаагаад, цөөн төслийг сонгон авч ҮХГ-аас нийтлэх Төслийн товхимолд (Pitch book) тусган, төсөл бүрт эрсдэлийн үнэлгээ хийх, олон улсын санхүүжилтэд бэлтгэх ажлыг дэмжихээ илэрхийлжээ.


Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал 100 төслийн ач холбогдол, хэтийн төлөвлөгөө, хэрэгжилтийн зохицуулалтын талаар тайлбарлав. Тэрээр Монгол Улс байгаль орчинд ээлтэй ногоон төслийг түлхүү бэлтгэж, эдийн засгийн эргэлтэд оруулахын ач холбогдлыг тэмдэглэв. Төслүүдийг Засгийн газрын 100 хоногийн хүрээнд нийтэд зарлана. Гурав дахь уулзалт ирэх даваа гарагт нийслэл, орон нутгийн удирдлагуудтай хийснээр саналыг нэгтгэх аж.

 

Холбоотой мэдээ